Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны олон улсын стандарт, Монгол Улсын хууль тогтоомж, мөнгө угаах арга, хэлбэр судлалын талаар банк, даатгалын компани, ББСБ, ХЗХ болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын ажилтан нарт танилцуулсан байна. Сургалтад нийт 215 хүн хамрагджээ.
Тус сургалтад “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх: Типологи, жишээ, асуудлууд” сэдэвт илтгэлийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат тавьсан байна.
Тэрбээр тус илтгэлдээ мөнгө угаах гэж юу хэлэх тухай тодорхойлолт, мөн мөнөг угааж байсан томоохон жишээнүүд, 2006 онд батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зарим өөрчрөлт оруулах саналаа танилцуулсан юм.
Түүний танилцуулсан мөнгө угаасан банкуудын тухай жишээнд дурдсанаар Их Британий хамгийн том банк HSBC нь мөнгө угаасан хэргээр АНУ-ын хууль хяналтынханд дэлхийн түүхэнд хамгийн их буюу 1,9 тэрбум ам.долларын торгууль төлж байжээ. Тэгвэл Стандарт Чартеред банк нь АНУ-ын эдийн засгийн хорионд орсон орнуудын жагсаалтад орсон дөрвөн улстай 2001-ээс 2007 оны хооронд бизнесийн харилцаатай байсан нь нотлогдсон тул АНУ-ын холбооны болон Нью-Йорк мужийн хууль хяналтынханд нийт 667 сая ам.долларын торгуулийг төлсөн байна.
Харин мөнгө мугаасан том хэргүүдийн жишээнд Индонезийн Ерөнхийлөгч асан Сухарто ордог байна. Түүнийг хамгийн том авилгачын жагсаалтад оруулсан бөгөөд “Тайм” сэтгүүл түүний гэр бүлийн орлогыг 15 тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг. Энэ хөрөнгийнхөө есөн тэрбумыг нь Австрийн банкинд хадгалуулсан байжээ. Филиппины Ерөнхийлөгч асан Фердинанд Маркос ч мөнгө угаах хэрэгт орж байжээ. Тэрбээр АНУ, Швейцарийн банкуудаар дамжуулж эх орноосоо хулгайлсан тэрбум тэрбум долларыг угааж байсан. Түүний эхнэр 2500 хос гуталтай байсан гэдгээрээ алдаршиж байсан. Филиппины хууль хяналтынхан дараа нь 7 тэрбум ам.долларыг буцааж авсан байна.
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат илтгэлийнхээ төгсгөлд 2006 онд батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа талаарх саналаа хэллээ
Мөн Монголбанкны санхүүгийн мэдээллийн албаны мэргэжилтэн Г.Даваахүү “ФАТФ-ЫН 40 зөвлөмж урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн илтгэл тавьж, харилцагчийг хэрхэн таньж мэдэх, харилцагчийн мэдээллийг ямар хугацаанд хадгалах талаар танилцуулжээ.
Ш.Эрдэнэ