Британийн супермодель, жүжигчин Кетрин (Кейт) Энн Мосс 1974 оны энэ өдөр мэндэлжээ.
Тэрбээр хамгийн их ашиг орлоготой моделуудын нэг юм. Түүний загварын ертөнцөд орох гараа нь 14 настай байхад нь Нью-Йорк хотын нисэх буудал дээр Лондонгийн алдарт “Storm” агентлагийн захирал Сара Дукасын хараанд өртсөнөөр эхэлсэн байна.
Сара түүнийг модель болохыг санал болгосон гэх. Хоёр жилийн дараа гэхэд Кейт алдарт “Face” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан гэдэг.
Мөн олон жил Америкийн “Calvin Klein” брэндтэй хамтарч ажиллажээ. Чухамхүү энэхүү брэнд л түүнийг супермодель болгосон аж. Тэрбээр анх гараагаа эхэлж байхдаа их туранхай моделиудын тоонд ордог байв. 1990 ээд оны дундуур шаргал үстэй туранхай моделиуд нэрд гарч байсан үе бөгөөд Кейт олныг бишрүүлж байжээ.
Британийн алдарт нийтлэлч Морли Кейтын тухай “Тэр ямар байх ёстой, түүнийгээ л үзүүлдэг. Кейт хэт жижигхэн, ширүүн харцтай, царайны хэлбэр нь ч тийм зөв бус. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүгд түүний өмч. Яагаад гэвэл хүмүүс түүнийг харахдаа өөрсдийгөө олж хардаг. Түүнээс биш будаж шунхадсан барби адил моделуудыг биш” хэмээн бичиж байсан удаатай.
О.Саша
ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ