-ОНЫ ӨМНӨ НЭГ КГ КИРГИЗ АЛИМЫГ 4000 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙСАН БОЛ ОДОО 1000 ТӨГРӨГӨӨР БӨӨНДӨЖ БАЙНА-
Японоос оруулж ирсэн 18 машинаас цацрагийн бохирдол илэрсэн. Үүнээс болж цацрагийн хэмжилт хийлгээгүй машиныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гараад хоёр сар орчим болох гэж байна. Харин Японоос импортолж буй хүнсний бүтээгдэхүүнээс цацрагийн бохирдол илрээгүй байгаа гэж Цөмийн энергийн газраас мэдээлсэн. Гэтэл цөмийн хаягдал булшилсан гол цэгүүдийн нэг болох Киргизээс оруулж ирсэн алимыг их хэмжээгээр зарах тухай зар оны өмнө хаа сайгүй харагдах болсон. Сайтуудын мэдээлэл бүрийн доорх сэтгэгдэлд “Киргиз алим их хэмжээгээр бөөндөнө” гэсэн зар цацаж байсан билээ. Үүнтэй холбогдуулан байгаль хамгаалах, ногоон эвслийнхэн “Цөмийн хаягдал булшилсан, газар нутаг нь их хэмжээгээр хордсон бүсээс хүнсний бүтээгдэхүүн оруулж ирсэн нь иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна. Үүнд хяналт тавиагүй эрх баригчид хортой алимаа өөрсдөө зоогло” гэх мэтээр сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл тараасан. Хүнсний бүтээгдэхүүнд химийн бодис шахаж хадгалах хугацааг удаашруулдаг, их хэмжээгээр хордсон бүсээс хоол хүнс импортолдог, Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа Японоос агнасан загас, загасан бүтээгдэхүүнийг ОХУ-д үйлдвэрлэсэн мэтээр зарж байна гэх мэт мэдээллүүд гарч байсан. Тиймээс аюултай байж мэдэх киргиз алимын эргэн тойронд сурвалжиллаа.
40 ТОНН КИРГИЗ АЛИМ ЗАРАГДААД ДУУСЧЭЭ
Өнгөрсөн арваннэгдүгээр сард гурван залуу нийлэн Киргизээс 40 тонн алим авчээ. Түүнийгээ тус бүр нь 20 тоннын даацтай хоёр чингэлгээр зөөж авчирсан байна. Үүнийгээ агуулахад хадгалж томоохон дэлгүүрүүдэд бөөндсөн аж. Мөн интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зар тарааж заржээ. Ингэж хүчтэй зар тараасны хүчинд 40 тонн алимыг сар гаруйхан хугацаанд зараад дуусчээ. Импортоор оруулж ирсэн дээрх бүтээгдэхүүнд гаалийн бичиг болон холбогдох байгууллагуудын дагалдах бичиг баримт нь бүрэн байсан. Нэгэнт энэ төрлийн наймаа ашигтай учраас Киргизэд ургац хураалт дууссаны дараа буюу ирэх арваннэгдүгээр сард залуус дахин их хэмжээний алим авчирч зарахаар төлөвлөж буй аж.
ОРОС ГЭЖ ЗАРААД БАЙГАА АЛИМ АСУУДАЛТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ
Киргиз алим зарж байгаа иргэнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Оны өмнө газар дээрээс нь 4000 төгрөгөөр худалдаалж байсан бол дуудлагаар 5500 төгрөгөөр борлуулж байсан юм.
–Алимаа зарж дууссан уу?
-Бараг дуусчихлаа. Зөөлөрч, бага зэрэг муудсан нь л үлдэж байна. Түүнийгээ нэг кг-ыг нь 1000 төгрөгөөр зарж байна. Дэлгүүрт бол тэр алим зарагдахгүй. Хүмүүс идэх гэж л авч байна шүү дээ.
–Тэгээд идэж болох юм уу. Муудчихсан юм биш үү?
-Бид ч гэсэн өөрсдөө идэж байгаа. Компот, варень хийж байгаа. Одоо ч 10 гаруй хайрцаг л үлдэж дээ. Хүнсний дэлгүүрүүд ихээр авсан шүү дээ. Агуулах маань Амгаланд байгаа. Тэндээсээ хаягаар хүргэж өгч байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хүртэл химийн бордоогүй гээд муудсан ч гэсэн хальсыг нь арилгаад иднэ гээд авч байгаа.
–Химийн бордоогүй юм уу. Харин ч танай алимыг цацрагийн бохирдолтой гэсэн яриа байна.
-Хятад алим зардаг хүмүүс манай эсрэг мэдээлэл тарааж байгаа нь тэр. Манайх Исыккүл хотоос алимаа авсан. Тэнд ямар ч хор байхгүй. Харин хортой бүсээс оруулж ирсэн алимыг орос алим гээд зардаг гэсэн шүү дээ. Түүнээс л болгоомжлох ёстой байх. Манайх тэндээс авахдаа ч холбогдох бичгүүдийг нь авсан. Монголд оруулж ирэхдээ ч бүх шинжилгээг нь хийлгэсэн. Зургаан сарын хугацаанд хэрэглэж болох баримт бичиг нь байна. Оросууд ч киргиз алимаа л идэж байна шүү дээ. Тэгэхээр аюулгүй ээ. Харин бордоогүй алим хадгалалт муу даадаг юм байна. Амархан зөөлөрчихөж байна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЦАЦРАГ ИЛЭРЧ БАЙЖЭЭ
Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрч, үйл явдал ноцтойгоор өрнөсний дараа буюу өнгөрсөн наймдугаар сарын 25-наас Улаанбаатар дахь Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд цацрагийн хяналт, хэмжилт хийж эхэлсэн. Түүнээс өмнө цацрагийн бохирдлын хяналтыг хэрхэн, яаж тавьж байсан нь эргэлзээтэй байдаг. Тиймээс импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн бохирдлын хяналт хэрхэн тавьдаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.
–Оны өмнө киргиз алим их хэмжээгээр зарагдлаа. Цацраг идэвхт ураны гол хаягдал болсон бүсээс импортолсон дээрх бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьсан бэ?
-Цацрагийн лабортори гэж бий. Цөмийн энергийн газрын харьяа цацрагийн лабораторид хүнсэн дэх цацрагийн хэмжээг тогтоодог. Бид хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын асуудлаас гадна цацраг байгаа эсэхийг тодорхойлуулдаг.
–Хэзээнээс цацрагийн хэмжилт хийдэг болсон юм бэ?
-Цөмийн энергийн газар байгуулагдахаас өмнө цацрагийн лаборатори Мэргэжлийн хяналтын газрын харьяа байсан. Тэгэхэд ч цацрагийн хэмжээг хэмждэг л байсан. Одоо ч Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид байрлаж байгаа. Гадаадаас импортолж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг. Харин бидний анхаарч байгаа зүйл гэвэл, Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш Японоос импортолж байгаа бүтээгдэхүүнд илүү хяналт тавьж, мэдээг тусад нь гаргаж байгаа. Мөн Латви, Литви, Казахстан, Киргиз зэрэг ураны цацрагийн бохирдолтой байж мэдэх бүсээс оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд зайлшгүй хэмжилт хийдэг.
–Тэгвэл импортын бүтээгдэхүүн аюулгүй гэж ойлгож болох уу?
-Бүгдэд нь шинжилгээ хийдэг. Нэгдүгээрт хорио цээр ямар байна, хориотой бүсээс оруулж ирсэн үү, хоёрдугаарт цацраг байна уу гэдгийг үздэг.
–Киргизэд зарагдахгүй, хориглосон алимыг Монголд их хэмжээгээр оруулж ирээд зах зээлийн үнээс доогуур зарж байгаа гэх хардлага байгаа. Хориотой барааг оруулж ирсэн байх магадлал бий юү?
-Яах вэ, хориотой барааг оруулж ирсэн байх магадлалтай. Цаанаас ямар бараа ачиж байгааг бид мэдэхгүй. Харин Монголд орж ирсний дараа шинжилж тодорхойлдог. Түүгээр хордлоготой байгаа эсэхийг тодорхойлдог гэсэн үг.
–Лаазалсан загас, загасан бүтээгдэхүүнийг ч цацрагийн хортой бүсээс нийлүүлж байгаа гэсэн мэдээлэл байдаг.
-Латвиас оруулж ирсэн шпрот, загасан бүтээгдэхүүнээс цацраг илэрч байсан тохиолдол бий.
–Хэзээ тэр вэ?
-Ер нь илэрдэг. Харин Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд үзээд “Хүний биед зөвшөөрөгдсөн хэмжээ байна. Ийм хэмжээтэй байхад хүний биеэс тодорхой хугацааны дараа гарчихдаг” гэсэн дүгнэлт өгдөг. Тэр дүгнэлтийг бид үндэслэдэг. Аж ахуйн нэгжүүдээс шинжилгээний үнэ өндөр байна гэсэн гомдол гардаг гэв.
Монгол Улсын стандартад зааснаар олон улсын худалдааны шугамаар тээвэрлэж буй тохиолдлын чанартай бохирдлын үеийн хүнсний бүтээгдэхүүн дэх цацраг идэвхт изотопын хэмжээ хэтэрсэн үед тухайн бүтээгдэхүүнийг борлуулах асуудлыг Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн зохицуулдаг аж. Стандартад дурдсанаар тогтоосон нэгж хүчин зүйлд ногдох цацрагийн хэмжээ нэгжийн тунгаас хамаарч 10-1000 бк/кг байдаг юм байна.
КИРГИЗИЙН ТУХАЙД
1940-өөд оноос Киргизэд уран болон газрын ховор элемент олборлож байжээ. Олборлолт 20 гаруй жилийн туршид үргэлжилсэн бөгөөд Киргиз улс нь ЗХУ-ын уран олборлох үйлдвэрлэлийн гол төвд тооцогддог байсан байна. Бүр Киргизийн Майлуу-Суу голын хөндийд олборлосон уранаар Зөвлөлт улс анхныхаа цөмийн зэвсгийг бүтээсэн аж. Эцэст нь Киргиз улс асар их үйлдвэрлэлийн хог хаягдал, түүн дундaa цацраг идэвхт ураны хаягдалтай үлджээ. Судалгаагаар 700 мянган тонн гаруй цөмийн хаягдал энэ бүсэд булшлагдсан аж. Түүнээс 140 мянган тонныг Европын АЦС-уудаас авчирчээ. Харин 2004 оноос Дэлхийн банк энэ асуудлыг анхааралдаа аван ажиллаж байгаа аж.
Киргизийн Майлуус-Суу хотыг тойрсон ямар ч хамгаалалтгүй ураны 36 уурхайн хаягдлын агуулах байдаг нь дэлхийн хамгийн аюултай газарт тооцогддог юм байна. Бүр 180.000 куб метр ураны шламм голын ус руу ороход бэлэн байгааг 2009 онд тогтоосон аж. Ийм зүйл болбол Киргиз, Узбек улсуудын ундны ус бүхлээрээ цөмийн хороор бохирдох болно.
Өөр нэгэн тайланд Киргиз улсын 6500 га газар цацраг идэвхт бодист бохирдсон тухай бичжээ. Бүр тархсан шаар, хог хаягдлыг цэвэрлэхэд 40 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.
Аюултайд тооцогддог Майлуу-Суу голын эрэг хавиар оршин суугчид алим, гүзээлзгэнэ зэргийг тарьж амьжиргаагаа залгуулдаг аж. Иргэд нь тарьсан жимс нoгooгoo хүнсэнд хэрэглээд, толгой нь өвдөж, дотор нь муухайрч, нүд нь загатнаж, бие дээр нь юм туурдаг тухай судалгааны багийнханд ярьсан аж. Мөн Майлуу-Суу орчмын оршин суугчдын дунд бамбай булчирхайн өвчлөл, цус багадалт, хорт хавдар их тохиолддог гэнэ. Киргизийн Онц байдлын яамнаас голын усанд хийсэн шинжилгээгээр 49 дээжний 46-д нь ихээхэн хэмжээний цацраг идэвхт бодис илэрсэн тул голын усыг унданд хэрэглэх нь бүү хэл хүнсний ногоогоо услах нь аюултай гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч нутгийн иргэд голын уснаасаа ундаалахаас өөр арга байдаггүй гэдэг.
Ц.ӨРНӨХ