УИХ-ын эмэгтэй гишүүд Энэтхэгийн миссийг хүлээн авч уулзахаар болжээ. “Хүндээ хөнгөнөөр өгнө гэж энэ байх даа”, “Төрийн түшээд байж яасан завтай юм” хэмээн бухимдах нэгэн ч байна. Хатан ухаанаар төр түшилцэхээр ирсэн эмэгтэйчүүд аар саархан юм хийсээр бүтэн жилийг ардаа үдлээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг дээлээрээ ижилсэж, хамтдаа хип хоп дуу дуулсан шигээ наргиж явна. Эмэгтэй гишүүдийн дотор “Давхар дээл”-тэй “Батаар” хочтой сайд бий. Өнгөрсөн жил иргэдийн чихэнд хоногштол үлэг гүрвэлийн араг яс ярьсан даа. Сүүлдээ хүмүүс залхаж эхэлсэн байх. Батаарын байрны маргаан жил дамнан үргэлжиллээ.
Одоо ч асуудлыг нь эцэслэн шийдвэрлээгүй байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийг санаачилж батлуулсан. Нийгэмд ач холбогдлын хувьд хэрэгтэй ч тамхи татах цэгүүдийг тодорхой зааж өгөөгүйгээс Монголын хууль гурав хоног хэрэгждэгийн бас нэгэн жишээ болсон.
Одоо Архины хяналтын тухай хуулийг боловсруулж, монголчуудыг хортой идээнээс гаргахаар зүтгэж яваа. Түүнийг “Хувийн бизнестээ зориулж хууль боловсрууллаа” гэх шуум тарсан. Тэрбээр “Сайн юманд садаа мунддаггүй” гэсэн тайлбарыг өгч байв. Хэвлэлийнхэнтэй ойр байдаг пиар сайтай гишүүдийн нэг бол яах аргагүй Л.Эр-дэнэчимэг.
Сургуулийн ойролцоо буудал ажиллаж байна гээд дүүргийн цагдаа нарыг дуудаж авчраад хурал хийдэг. Тойргийнхоо иргэд, эм үйлдвэрлэгчид, нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй гээд хаана л уулзалт болно тэнд Л.Эрдэнэчимэг гишүүн байдаг гэвэл хилсдсэн болохгүй. Харин Р.Бурмаа гишүүн Сонгуулийн тухай хуулийг боловсруулж байна.
Хар машинаар санал луйвардах байдлыг таслан зогсоох, улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн ил тод болгох вэ гэдэгт толгой гашилгаж суугаа. Энэ ажлынхаа хүрээн парламентад суудалгүй намуудын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна лээ. Ирэх сонгуулийн өнгө түүний боловсруулж байгаа хуулиас тод харагдана.
Эмэгтэй гишүүд “Бид эрчүүд шиг улс төрийн хор найруулж, хуйвалдаанд оролцохгүй” хэмээн давуу талаа тодорхойлсон. Хэлснээр нь бол Сонгуулийн тухай хууль сайн болох учиртай. УИХ дахь “Шударга-Ёс” эвслийн бүлгийн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нарыг төв талбайгаас төрийн ордонд заларсан азтай бүсгүйчүүд гэж атаархах хүн ч байдаг биз.
Нэг нь намын даргаа өмөөрч, нөгөөх нь ард түмнийхээ нэрээр амлалт нэхсээр төрийн түшээ болсон. Харин ордонд орсныхоо дараа таг чимээгүй болчихсон. Г.Уянга гишүүн төрийн ордон руу буу шагайсан хэргээр хоригдоод байгаа Ц.Мөнхбаярыг өмгөөлж хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарласан.
Гэсэн ч тэгсхийгээд чимээгүй болчихсон. Тойрогтоо ажиллаж байгаа сурагтай. Эмэгтэй гишүүд харин ч албан тушаалын одтой. Ц.Оюунгэрэл сайдаас гадна Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдаар С.Оюун, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа, АН-ын бүлгийн дэд даргаар С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дэд даргын албан тушаалыг Д.Оюунхорол хашиж байна.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн байгууллага, дэд хороод гэх мэтчилэн элдэв сэтэр мундахгүй их бий. Намрын чуулганаар М.Батчимэг гишүүн Хилийн боомтын тухай хуулийг батлуулсан. Одоо Монгол хэлний тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Одоогоор Хамтын тэтгэврийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Үүний эсрэг МАН-ын дэд дарга Д.Оюунхорол малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслөө хэвлэлийнхэнд танилцуулсан.
Хоёр намын бүлэг дээрх хуулийн төслөөсөө болж түнжин хагарснаа ч нуугаагүй. УИХ дахь эмэгтэй гишүүдийн дотор хууль санаачилдаггүй ч юм л бол олон улсын хурал, зөвлөлгөөнд явчихдаг хүн ч цөөнгүй бий. Чуулганы хуралдаанаар тоглоом тоглож суудаг гишүүн байдгыг ч цахим ертөнцийнхэн баахан гайхаж ярилаа.
Эмэгтэй гишүүд энэ парламөнтад ямар өнгө илэрхийлж, юу хийж явааг иргэд дор бүрнээ шүүж дүгнэлтээ гаргаж байгаа биз ээ.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: Үнэн.мн