Найз нөхөд үүрд гэж бид ярьдаг, бичдэг, боддог. Гэтэл бүх зүйл санаснаар болдоггүй. Нэг л өдөр тэр чамайг хуурч, нүүр буруулсан. Энэ тохиолдолд асуудлаас хэрхэн гарах тухай бид зөвлөж байна.
1. Яагаад гэдгийг асуу
Яагаад ийм зүйл болсныг одоо болтол ойлгохгүй л байна уу. Түүнтэй ярилцах гээд үз. Чи санамсаргүй түүнийг гомдоох зүйл хийчихсэн юм биш биз. Заримдаа санаандгүй нэгэн үйлдэл хүнийг мартахын аргагүй гомдоох нь ч бий. Хэрвээ үнэхээр чиний найз мөн бол юунаас болж уурласнаа чамд хэлэх болно. Хэрэв үгүй бол харамсалтай нь чамд хийж чадах зүйл алга.
2. Уучлалт гуй
Мэдээж энэ тийм амар биш. Гэхдээ л уучлалт гуй. Тэр тусмаа түүнийг санаандгүй гомдоосон шалтгаан нь чи байвал уучлалт гуйх нь хамгийн зөв алхам. Чин сэтгэлийн уучлалтыг найз чинь хүлээж авах болно. Хэрэв үгүй бол ядаж л чи харамсаж байгаагаа илэрхийллээ шүү дээ.
3. Харилцаагаа нээлттэй орхи
Найз чинь чамтай ярихыг хүсэхгүй хэвээрээ л байна уу. Чи шалтгааныг нь мэдэхгүй хэвээрээ л байгаа юу. Тийм бол түр юу ч хийхгүй хүлээ. Заавал ярихыг шаардах хэрэггүй. Харин яримаар санагдсан үед бэлэн байгаа гэдгээ хэлээрэй.
4. Цаг хугацаанд үлдээ
Бид үүрд үргэлжлэх нөхөрлөлийн тухай энд ярьж байна. Гэтэл бодит амьдралын олон үе шат бий. Түүнтэй нэгэн адил нөхөрлөл ч гэсэн үе үед хамаардаг. Их сургуульд салахын аргагүй дотно байсан найзтайгаа олон жилийн дараа уулзахад адил тал огт байхгүй, тэр битгий хэл яагаад найзууд байсандаа гайхах тохиолдол ч бий.
5. Чиний алдаа биш
Найзын чинь ийм зан гаргасан нь чамтай огт холбоогүй байх тохиолдол бий. Хүмүүс заримдаа зүгээр л бүх зүйлд уурлаж, гомддог. Энэ тохиолдолд холбоо барих гэж оролдсоны хэрэггүй.
6. Буулт хийх
Романтик хайр сэтгэлийн харилцаа шиг нөхөрлөлд ч гэсэн буулт хийх хэрэгтэй байдаг. Хэрвээ чи найзыгаа үнэхээр нандигнадаг бол нөхөрлөлөө бодоод энийг хийх нь зүйтэй. Чи үнэхээр хийх дургүй ч, найзынхаа төлөө гэж бодоод л хийж чадах зүйл байгаа бол хийгээрэй.
7. Хүлээн зөвшөөрөх
Заримдаа нөхөрлөл чинь нэгэнт дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг. Маш хэцүү байх боловч бүхнийг буцаах нэгэнт боломжгүй болжээ. Нөгөө талаар тэр чамтай найз байхыг огт хүсэхгүй байхад зууралдаад байх шалтгаан байна гэж үү.
8. Бүхнийг мартаад, үргэлжлүүлэн амьдар
Найзыгаа алдсаны дараа хэсэгтээ л хэцүү байх нь ойлгомжтой. Маш том орон зай үгүй болохыг мэдэрсэн байх. Гэхдээ шалтгаан нь юу ч бай, шалтгааныг нь мэдэх боломжгүй байсан ч тэр хүн нэгэнт чиний найз байхаа больсон гэдгийг санаарай. Тийм болохоор бүхнийг мартахыг хичээгээд үргэлжлүүлэн амьдра.
Өөрийн хамгийн чухал хүмүүсийн нэгэнд баяртай гэж хэлэх мэдээж амар биш. Гэвч нөхцөл байдал нэгэнт ингэж эргэсэн бол яах ч аргагүй байдаг. Хэрвээ та хоёр цаашдаа найз байж чадахгүй гэж шийдэж байсан бол хэдэн жилийн дараа эргэн уулзахдаа гомдсон сэтгэлээ мартаж танилын ёсоор нэгэнтэйгээ мэндлээрэй.
GOOLINGOO