Ихэр хүүхдүүд болох Реубен Блэйк, Флорен Блэйк нар хоорондоо таван жилийн зайтай хорвоод мэндэлжээ. Нэгдүгээр ангийн сурагч Реубен хичээл сургууль гээд гүйж байна. Харин түүний ихэр дүү нь сургуульд ортлоо дахиад хэдэн жил хүлээх нь ээ. Английн баруун өмнөд хэсэгт орших Челтнем гэдэг жижиг сууринд амьдардаг Саймон Блэйк, Жоди Блэйк хоёрын дундаас төрсөн хоёр хүүхэд нь их өвөрмөц аж. Тэд нэг эмчилгээний үеэр үүсгэсэн үр хөврөлийн хүүхдүүд гэнэ. Гэхдээ тийн нэг дор бүрэлдэн тогтсон ч эх нь тэднийг таван жилийн зайтай төрүүлжээ.
Бирмингемийн их сургуулийн багш, 45 настай Блэйк, түүний 38 настай эхнэрт хүүхэд заяахгүй байсан ч тэд 2005 онд эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээний үеэр таван үр хөврөлийг үүсгэснээс хоёрыг нь хатагтай Блэйкийн умайд суулгажээ. Ингээд 2006 оны есдүгээр сарын есөнд Реубен мэндэлсэн байна. Үлдсэн гурван үр хөврөлийг хадгалж байсан бөгөөд хосууд өнгөрсөн жил дахин нэг хүүхэдтэй болохоор шийджээ. Мөн л өмнөх аргаа хэрэглэснээр Блэйкийн гэр бүл 2011 оны 11 дүгээр сарын 16-нд Флорен гэдэг охинтой болсон байна. Тэд “Таньдаг хүмүүс нь үнэхээр гайхаж хүлээж авсан, хүүхдүүд маань үнэхээр адилхан харагддаг, Реубен багадаа яг Флорен шиг харагддаг байсан, дүү нь ахынхаа жижигрүүлсэн хувилбар шиг харагддаг” хэмээн ярьжээ.
Э.АМАР