Хятад улсдаа хамгийн эрэлттэйд тооцогддог болзоо тогтоох Baihe.com цахим хуудас саяхан нэгэн судалгааны сонирхолтой үр дүнг танилцуулжээ. Тус судалгааны зорилго нь уг цахим хуудаст хандсан уншигчдын саналыг харгалзан Хятад улсын иргэд чухам ямар ханьтай болохыг хүсдэгийг тогтоожээ.
Хэдийгээр Хятадын “Air China”, “China Southern Airlines” тэргүүтэй нислэгийн компаниудын зар сурталчилгааны самбарыг инээж буй дур булаам бүсгүйчүүд чимдэг ч судалгааны дүнгээс үзэхэд онгоцны үйлчлэгчтэй ямар ч хятад эр гэрлэхийг хүсдэггүй бололтой. Эрчүүдийн дийлэнх нь онгоцны үйлчлэгчийг гэрлэхэд хамгийн тохиромжгүй гэж үзсэн бол түүний дараа жүжигчин болон хөтөч, орчуулагч нар оржээ. Үүний зэрэгцээ сэтгүүл зүйн салбарт ажилладаг бүсгүйчүүд гэрлэхэд хамгийн тохиромжгүйд тооцогдож байгаа аж. Учир нь, тэд хэтэрхий амь өрссөн, цалин багатай ажил хийдэг гэнэ. Харин хятад бүсгүйчүүдийн хувьд фермер /доогуур орлоготой/ болон хувиараа бизнес эрхлэгч /хэт тогтворгүй/ гэсэн хоёр төрөлд хуваагдах эрчүүдийг сонгохыг хүсдэггүй байна.
Мөн уг судалгаанаас эрчүүдийн 62 хувь нь өөрийнхөө сард авч буй цалинтай дүйцэх болон түүнээс дээгүүр орлоготой эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрдөггүй нь харагджээ. Харин эмэгтэйчүүдийн дийлэнх нь ханиа сонгохдоо сэтгэл татам, сайхан төрх гэхээсээ ухаалаг байдал, хүмүүжлийг нь илүүд үздэг болохыг дээрх судалгаа баталжээ.
Б.Энхцэцэг
mongolianeconomy