Өглөө бүр сэрээд та юу хийдэг вэ? Орноосоо зууралдан байж хүчээр босдог уу? Аль эсвэл чимээгүйхэн босоод ажилдаа явдаг уу. Ихэнхи хүмүүс чимээгүйхэн босоод гарахдаа бэлддэг. Тэгвэл энэ өглөөнөөс эхлэн та өөрөө өөртөө урмын, хайрын үг хэлж сурвал ямар вэ?
Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг. Өглөө бүр өөртөө хэлж, түүндээ итгэх 8 өгүүлбэрийг танд Гоолингоо зөвлөж байна. Хэрэгжүүлсний дараа танд бага ч болтугай өөрчлөлт гарахыг та мэдрэх болно.
Би хангалттай сайн
Бидний олонхи нь “Би хангалттай хэмжээнд сайн” гэдэгтээ итгэдэггүй. Өглөө сэрээд хамгийн түрүүнд энэ өгүүлбэрийг хэлээрэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хүн бүрт өөртөө итгэх итгэл хэрэгтэй байдаг. Өөртөө итгэх тэр бага ч гэсэн итгэл байгаа цагт та хүссэн бүхнээ хийж чадах болно.
Би үзэсгэлэнтэй
Өглөө бүр өөртөө хэлэх хоёр дахь өгүүлбэр бол “Би үзэсгэлэнтэй”. Өөрийгөө үзэсгэлэнтэй гэдэгт итгэдэггүй тэр хүн бол зүгээр л олон нийт чамайг царай муутай гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжийг олгож байна гэсэн үг. Та өмнө нь сонссон байх, дахин хэлье. Гаднах гоо үзэсгэлэн бол зүгээр л өнгөц зүйл. Дотоод гоо сайхан л хүнийг үзэсгэлэн төгс харагдуулдаг. Дотроосоо гэрэлтсэн, чин сэтгэлийн инээмсэглэл тодруулсан бүсгүй болоорой. Ингэж чадвал таны амьдралд ямар олон гайхалтай өөрчлөлт гарахыг мэдэрнэ.
Би үнэ цэнэтэй хүн
Бүсгүйчүүд маань өөртөө бараг хэлдэггүй бас нэгэн өгүүлбэр бол “Би үнэ цэнэтэй хүн” та магадгүй итгэлтэй биш байгаа болохоор ингэж хэлдэггүй байх. Гэхдээ яг одоо эхлээрэй. Та маш олон хүний хувьд юугаар ч үнэлэшгүй үнэ цэнэтэй. Өөрийгөө хэр үнэ цэнэтэй хүн гэж төдий чинээгээр бусад хүн таны үнэ цэнийг мэдрэх болно.
Би чамд хайртай
Толинд инээмсэглэн харж байгаад хэлээрэй. Энд нэг зүйлийг анхаар. Та арай өөрөө өөртөө хайртай гэж хэлэхдээ ичээд байгаа юм биш биз. “Хайр”энэ бол маш хүчтэй үг. Та өөрийгөө хэр их хайрлана, тэр хэрээр бусад хүн таныг хайрлах болно. Мөн та өөрийгөө хайрлаж чадвал бусдыг ч гэсэн чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг болно гэсэн үг. Зөвхөн өглөө ч биш өдөрт толинд харах боломж олдох бүрт өөртөө хайртайгаа хэлж байгаарай.
Би үүнийг хийж чадна
Бидний ихэнх нь энийг хийж чадна гэсэн итгэлтэй байж чаддаггүй. Өнөөдрөөс эхлэн бид хамтдаа энэ зангаа хаях болно. Та энийг хийж чадна, хийж чадах ч болно. “Би энийг хийж чадах болно” гэж өөртөө заавал хэлээрэй. Өөрийнхөө мөрөөдлийн тухай бодох бүртээ, өөрийгөө хийж чадахгүй байх вий гэж санаа алдах бүртээ энийг хэлж байгаарай. “Би хийж чадна, би хийх ч болно” амархан байгаа биз. Та өөрөө өөртөө итгүүлж чадсан бол юугаа хүлээх вэ? Хийж эхлэх хэрэгтэй. Учир нь та хийж чадна.
Өнөөдөр гайхалтай өдөр болох болно
Энэ тухай өөртөө хэлэхэд л болно. Таны бие гайхалтай сайхан өдөрт өөрийгөө бэлдэх болно. “Өнөөдөр гайхалтай өдөр болох болно”. Яагаад? Яагаад гэвэл чи тэгж хэлсэн учраас. Эерэг, аз жаргалтай зүрх сэтгэл үргэлж л өөртөө сайн сайхныг дуудаж байдаг. Энэ бяцхан 5 үгийг хэлсний дараах 24 цаг танд амьдралын сайн сайхныг мэдрүүлэх болно. Тиймээс яг өнөөдрөөс эхлээрэй.
Би энэ байгаагаараа төгс
Маш олон эмэгтэйчүүд, бас би, бид бүгдээрээ улам бүр идэвхитэй, зорилготой бас өөрчлөлттэй амьдрах болсон. Шинэлэг дүр төрх, шинэ бие хаа, стилийн өөрчлөлт, орчны өөрчлөлт гэх мэт. Өөрийгөө байгаагаар нь хайрла. Амьд байгаадаа, мөрөөдөх боломжтой байгаадаа таларха. Мөрөөдөх хэрэггүй, зорилготой байх хэрэггүй гэж хэлэх гээгүй юм шүү. Харин өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндлэх хэрэгтэй. Та энэ байгаагаараа л үзэсгэлэнтэй шүү дээ. Бүхнээ өөрчилсний дараа сэтгэл хангалуун байх магадлал бага байдаг гэдгийг битгий мартаарай.
Би талархаж байна
Өглөө орноосоо босох гэдэг үүрэг даалгавар юм шиг санагдаж байж болох. Гэхдээ энэ бол энгийн л хийх ёстой зүйл. Дахин дахин дуугарах сэрүүлэг, “Босоорой” гэж хэн нэгний дуу хоолой. Та өнөөдөр амьсгалж байна, та өнөөдөр амьдарч байна. энэ бүхэнд талархах нь зүйтэй. Амьдрал бидэнд хэтэрхий их зүйл өгдөг учраас хариуд нь бид талархахаа мартдаг. Хэрвээ та зөвшөөрч байвал өглөө сэрээд “Би амьд байгаадаа талархаж байна” гэж хэлээрэй. Ингэж чин сэтгэлээсээ талархаж сурвал та өглөө босох гэж тэгж их бухимдахгүй, хэн нэгний дуу хоолойг сонсохдоо тэгж их уурлахгүй байх болно.