Өнгөрсөн онд Куба улс 2.8 сая гадаадын жуулчин хүлээж авчээ. Энэ нь 2011 оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Улс орны эдийн засагт орлого оруулдаг гол эх үүсвэр нь аялал жуулчлал. Мөн навчин тамхи, ром дарс (ron cubano) төсөвт ихээхэн нэмэр болно. Энэ жил гадаад жуулчдын тоог гурван саяд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн жил Кубад нэг сая илүү канад жуулчин зочилжээ. Канадууд хоёр жил дараалж ийм рекорд тогтоож байгаа аж. Тэгээд араас нь Аргентин, Орос, Перу, Колумб, Хятад, Бразилийн жуулчид хамгийн олон ирдэг байна. Сүүлийн үед монголчууд ч бас Куба орныг сонгон зорчдог болж. Цагаан сарын үеэр хөгжмийн зохиолч Л.Балхжав, жүжигчин Х.Урнаа тэргүүтэй хэсэг нөхөд Кубаар аялсан сураг дуулдав. Мөн Америк, Канад зэрэг хол бус оронд ажиллаж, амьдардаг монголчууд Кубад ирж амарчихаад буцдаг болсон гэж байна.
Кубын Засгийн газрын тэтгэлгээр 24 монгол оюутан шүдний эмч, спортын дасгалжуулагч, архитектур зэрэг мэргэжлээр суралцаж байна. Байр, хоол цаанаасаа, сардаа таван долларын тэтгэлэгтэй. Монголдоо байдаг шиг оюутнууд наргиж цэнгэж, баар сав хэсч явдаггүй, тийм боломж ч байдаггүй юм байна. Хоорондоо уулзах нь бас ховор, хааяа нэг Монголын тэмдэглэлт баяраар Элчин сайдын яаман дээрээ цуглаж, хөгжилддөг аж. Тиймээс Кубад сурдаг монголчууд бодож санах юмгүй хичээлдээ шамдсаар төгсдөг, тэр тусмаа дэлхийн хаана ч гологдохгүй шилдэг мэргэжилтнүүд болоод ирдэг ажээ.
Кубад суух Элчин сайд О.Даваасамбуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа аж. Кубын анагаах ухаан, боловсролын систем дэлхийд алдартай. Куба дахь монгол оюутны тоог нэмэх, зөвхөн Засгийн газрын тэтгэлгээр бус, мөн төлбөртэй, ховор, нарийн мэргэжлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх, монгол жуулчдыг аяллын багцад хамруулан хямдрал үзүүлэх, Куба дахь эмчилгээний аяллыг монголчуудад сурталчлан хөгжүүлж, оролцуулах, спортын өндөр амжилт гаргадаг сургалт, арга барилаас нь суралцах зэрэг дээр манай тал тодорхой санал тавьчихаад байгаа аж. Дөрөвдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт Гавана хотод болохоор төлөвлөжээ. Энэ уулзалтаар хамтын ажиллагааны шинэ гэрээ хэлэлцээг батлах, өргөжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Испани, Латин Америк буюу испани хэлт ертөнцөөс ганцхан орны Элчин сайдын яам Монголд байдаг нь Кубынх билээ. Латин Америкт Монголыг төлөөлдөг ганцхан Дипломат төлөөлөгчийн газар байдаг нь бас л Кубад. Сүүлийн үед Латин Америкийн орнуудын Монголыг сонирхох, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол нь илт нэмэгдэх болсныг Элчин сайд онцолж байв.
КУБЫН ЭРХ БАРИГЧДЫН АЛГУУР, БОЛГООМЖТОЙ ШИНЭЧЛЭЛ
Фидель Кастро 2006 онд эрүүл мэндийн улмаас дүү Раульдаа эрх мэдлээ шилжүүлж өгснөөс хойш Засгийн газрын төв хэвлэл “Гранма”-д “Эргэцүүлэл”-ээ тэрлэн суух болсон юм. Нэг хэсэг эрчтэй бичиж, нийтлүүлж байснаа сүүлийн үед цөөрч, бараг бичихээ больжээ. Дүү Рауль Кастро нь Кубын нэгдүгээр хүн болсноосоо хойш ЗХУ задарсны дараа нурж унаад байсан эдийн засгаа сэргээхээр үе шаттай шинэчлэл хийж байна. Кубад одоо л хувийн өмч дөнгөж хөгжиж байна. Раулийн Засгийн газар жижиг, дунд тариачдад газрыг нь эзэмшүүлж, тариа, ногоогоо тарьж, зах дээр худалдах эрхийг нь олгожээ. Мөн хоёр жилийн өмнөөс иргэд орон сууц, автомашинаа худалдах, худалдан авах эрхтэй болсон юм. Америкийн хориг арга хэмжээний улмаас гадаад орнууд харилцаагаа хөгжүүлэхээс дөлж байх үед угийн уламжлалт сайн харилцаатай Испани улс зориглон хөрөнгө оруулж том зочид буудлууд барьжээ. Украин, канадууд ч аялал жуулчлалын салбарт чамгүй хөрөнгө оруулж байна. Ром дарсны хамгийн алдартай “Havana club” брэндийг гэхэд л Францын нэгэн компани, Кубын Засгийн газар хоёр хамтран эзэмшдэг байх жишээтэй. Гурван жилийн өмнөөс куба иргэд орон сууцныхаа, нэг давхартаа дэлгүүр, цайны газар ажиллуулах эрхтэй болжээ. Эдүгээ куба иргэд Панам, Гаити зэрэг улс руу ганзагын наймаанд явж “гахай дарж” ирдэг гэж байна. Газрыг тариачдад эзэмшүүлж байгаа ч улсын өмч хэвээрээ.
Рауль Кастрогийн дэглэм саяхан нэг томоохон шинэчлэл хийсэн нь Цагаачлалын шинэ хууль юм. Куба иргэд гадаадад зорчихын тулд заавал нөгөө талын урилга, мөн Засгийн газраасаа гадаад руу аялах зөвшөөрөл авдаг байсан. Нөгөө талын урилгатай ч энэ зөвшөөрлийг Засгийн газраасаа авч чадахгүй бол гадаадад зорчих боломжгүй байсан. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нөөс хойш энэ хоёр шаардлагыг байхгүй болгожээ. Гадаад паспортоо аваад тухайн зорчих гэж буй орныхоо визийг даруулчихвал “Та яв яв” гэдэг болсон аж. Цагаачлалын шинэ хууль батлагдсаны дараа куба иргэд гадаад паспорт авахаар иргэний бүртгэлийн газарт, виз авахаар гадаадын Элчин сайд, консулын газарт дугаарлан зогсох болжээ. Гэвч гадаад улс орнууд куба иргэдэд виз олгохдоо улам чанга шаардлага тавьдаг болсон, ер нь кубуудад виз өгөх дургүй болсон гэж ярьж байна. “Бид нарыг очоод үлдчихнэ гээд виз өгөхөө бүр больсон” хэмээн зарим нь ярьж байлаа.
МОНГОЛД ИРЖ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ КУБА ИРГЭД ЦӨӨНГҮЙ БАЙНА
Шинэ хууль гарсны дараа Монгол руу зорчих куба иргэдийн тоо ч өсөх хандлагатай болсныг Гавана дахь манай Элчин сайдын яамныхан өгүүлж байв. “Монголд байр, сав ямар үнэтэй вэ, цалин хэд вэ. Зоогийн газар нээвэл хэдэн төгрөг шаардлагатай вэ” хэмээн асуун сонирхох гурван ч залуутай таарлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө Монголд ирж суурьшаад, одоо “хөл дээрээ бат зогсож”, хувийн бизнес, ресторан энэ тэртэй болсон кубууд нэлээд байдаг болохоор тэдний араас замнах сонирхолтой хүмүүс байх нь ойлгомжтой. Монголд ирэх хүсэл байдаг ч хэл мэдэхгүй, мөн онгоцны зардал нь үнэтэй болохоор хэцүү байдаг бололтой. Гэхдээ л кубууд бол үнэхээр сэргэлэн, ялангуяа бизнест толгой нь дэндүү сайн ажилладаг хүмүүс дээ. Амьдралын хэцүү, хомс, тарчиг нөхцөлд амьдраад, тэсч үлдээд сурчихсан хүмүүс чинь элбэг дэлбэг, эрхэлчихсэн бусдыг бодвол шал өөр байдаг бололтой. Гадаадад гарсан кубууд яаж, ийж байгаад л арга эвийг нь олоод л хэдэн жилийн дараа “хөл дээрээ босч”, шаггүй хувийн бизнестэй болчихсон явж байдаг. Кубуудын энэхүү сэргэлэн зан, онцлогийг өрнөдийнхэн бүгд хүлээн зөвшөөрдөг юм. Дээхэн үед Америк, Испани руу гарчихсан куба иргэдийн ихэнх нь хувийн компанитай, бизнестэй болчихсон байдаг. Кубын хойд эргээс 160-хан км-ийн зайд орших Майами хотод гэхэд л 1.8 сая куба иргэд амьдардаг. АНУ-д амьдардаг латин гаралтай (испани хэлтэй) толгой баячууд, бизнесмэнүүдийг жагсаахад эхний 100 байрны 80-ыг куба гаралтай иргэд эзэлдэг ажээ.
КУБА ИРГЭН БҮРТ АМЕРИКТ АМЬДАРДАГ ХАМААТАН БАЙДАГ
Кубын дундаж цалин 20-50 доллар. Навчин тамхи, ром дарсны үйлдвэр, аялал жуулчлалын салбарт ажилладаг нөхөд арай илүү цалин авдаг бололтой. “Та нар ийм бага цалин аваад яаж амьдардаг юм” гэхээр “Бид хуулийн дагуу амьдарвал чадахгүй, тийм боломж ч байхгүй” гэх юм билээ. Таксины жолооч нар нь бензинээ хууль бусаар “гар дээрээс” авдаг. Танилцсан куба айлын хөргөгчинд ундааны саванд хийчихсэн шаргал ундаа өрөөстөй байсныг асуувал “Шар айраг, үйлдвэрийн шар айргийг задгайгаар нууцаар гаргаад ингэж савлаад зардаг, хямдхан” гэнэ. Ром дарсыг ч ингэж хулгайгаар зардаг юм байна лээ. Ер нь ийм контрбандын сүлжээ дэлгэрчихсэн, түүнийгээ дагаад авлига бас л байдаг бололтой юм.
Үүний хажуугаар гадаадад, тэр тусмаа АНУ-д амьдардаг хамаатан, садангуудаас нь ирдэг мөнгөн илгээмж, гуйвуулга куба иргэдэд ихээхэн тус нэмэр болдог ажээ. Төсвийн гол орлогыг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар, навчин тамхи, ром дарсны үйлдвэрлэл дээр Америкаас голдуу ар гэрийнхэндээ илгээдэг мөнгөн тусламж орно. Кубад америк долларыг үндэсний мөнгө рүү хөрвүүлэхдээ 18 хүртэл хувийн шимтгэл авдаг. Америк дахь куба иргэдээс ар гэрийнхэндээ илгээсэн мөнгөнөөс Засгийн газар нь өндөр хувь аваад төсөвтөө нэмэрлэчихдэг. Хэдий хэмжээний гэр бүлийн мөнгөн гуйвуулга гадаадаас орж ирдгийг Гаванын Засгийн газар нууцалдаг ч жилд 800 саяаас нэг тэрбум 500 сая долларын мөнгөн илгээмж орж ирдэг гэсэн тооцоо бий. Куба иргэн бүрт Америкт амьдардаг ямар нэг хамаатан садан, ах дүү байдаг гэж үнэн ажээ.
Кубад одоо ч картын систем нь хэвээрээ. Айл бүр сардаа нэг удаа кофе, тамхи, хүнсний ногоо, талх, угаалгын нунтаг, саван зэрэг нэн тэргүүний хэрэгцээт зүйлээ картаар, маш хямдаар авчихдаг. Бүтэн сайнд задгай зах дээр гардаг хүнсний ногоо, жимсний худалдаа куба песогоор тооцоо хийнэ. Тариачид, үйлдвэрлэгчид зуучлагчгүйгээр, шууд авчирч зардаг эдгээр жимс, ногоо нь “Арай ч дээ” гэмээр хямдхан. Бүгд органик, жинхэнэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг чинь тэнд л байна. Тарихгүй, байхгүй жимс ногоо ч гэж алга. Тэгээд дээр нь ямар ч шатны боловсрол, эмнэлэг, анагаах нь үнэгүй байдаг нь атаархмаар. Кубыг ядуу тарчиг, хөөрхий гэдэг ч сайн тал маш их. Баян, чинээлэг бус ч сайхан сэтгэлтэй, хөгжиж цэнгэж чаддаг. Орой гэртээ бөөнөөрөө цуглаад л дуу хөгжмөө тавиад, ром дарсаа шимэн цэц булаалдаж буй залуус, өдөр ч, орой ч гэрийнхээ гадаа, замын гэрэлд ширээгээ дэлгэн даалуу нүдэн, чангаар маргалдан тоглож суугаа хөгшчүүд, Малекон хэмээн далайн хамгаалалтын далан дээр суун романтиклаж, тэврэлдэн суух хосуудыг харах үнэхээр таашаалтай.
Б.НЯМДОРЖ /Түрүүч нь №58 (4373), үргэжлэл бий/
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ