Жүжигчин Хүрлээгийн хэлдгээр Монголд амьдраад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Солонгост амьдраад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг бодол төрөөд байх болчихлоо. Гудамжаар дүүрэн Ганнам стайл, Дэ жангум, Ким духан гээд зарим уншиж үл тайлагдах ханзаар бичигдсэн хоолны газрууд. Дэлгүүрт орно солонгосын бараа бүтээгдэхүүн хойморт нь өндөр ханштай заларч монгол бараа мухар тохойд царай алдан лангуу дэрлэн харагдах. Энэ байдал гоо сайхан, хүнс, бараа гээд бүх дэлгүүрт адилхан. Гудамжаар солонгос киноны одод шиг залуус, охидууд холхилдоод л.
Бүр хатуухан хэлэхэд залуусын хувцаслалт, биеэ авч яваа байдал, дуу хоолой шингэрээд эр эм нь мэдэгдэхгүй болчихсон гэдэг шүүмжлэлтэй санал нэгдэж байна. Тухайн улсад нь очиж үзээгүй атлаа ийм адилхан болж дуурайж байгаа гол шалтгаан нь солонгосын сериал, к-поп. Орой телевизийн суваг эргүүлэх бүрт солонгос сериал. Нэг киног телевизүүд өөр өөр нэрээр гаргаж холион бантан хутгах нь энүүхэнд. Баян ядуу, хайр дурлал, өшөө хонзон, төөрсөн хувь заяа, ой санамжаа алдах, хорт хавдар тусах, амиа хорлох гээд киноны гол дүрийн нэр солигдохоос бусдаар нэг хэвэнд цутгасан мэт адилхан өгүүлэмжтэй. Хэдхэн жүжигчин ээлжилж тоглосон.
Нүдээ анивчлаа гэхэд л нэгнээ харахгүй, нүүрээ будаад, үсээ тайраад, хувцсаа сольчихвол нэгнээ танихгүй, хоол идэж, хэрүүл хийж, өс хонзон авахаас өөр ажилгүй мэт харагдах солонгосын савангийн дууриас үнэндээ залхаж байна. Солонгосын сериалд хэт автсан хүүхэд залуус амьдралыг хялбар хөнгөн, мөнгөний төлөө юугаа ч хайрлахгүй явах ёстой, өс хонзонг өшөө авалтаар дуусгана гэсэн ойлголтоор хүмүүжиж байна. Нөгөө хэсэг нь к-поп гэх сульдаатай юм шиг бүжиглэх, нүүр нүдээ будан тормолзох, хөөрхөн бол од болдог гэсэн ойлголтоор урлагийг төсөөлж байна.
Солонгосын сериалыг телевизийн дэлгэцээр гарахыг хориглож болдоггүй юм байх даа. Сүүлдээ солонгос охин, хүү, ээж, эхнэртэй билүү гэж бодох үе гарах юм гэх хүмүүс ч олширлоо. Энэ халаглал телевизийн эрхэм захирлуудын сонсорт хүрсэн л байлтай. Монгол гэх омогшил, үндэсний уламжлал, ардын аман зохиол, үндэсний хэл соёлыг үгүйсгэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ эргэн нэг харах юм биш үү. Миний мэдэхийн манай урд хөршид солонгосын сериалыг телевизийн эфирээр гаргахыг хориглосон. Яг л манайх шиг телевиз болгон нь цаг хязгааргүй гаргаж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр манайд үзэгдээд байгаа шиг сөрөг үзэгдэл газар авсан гэдэг. Тиймээс үндэсний уламжлалаа дээдлэх зорилгоор зарим телевизид нь солонгос сериал гаргахыг хориглож, цөөхөн телевизид тодорхой цаг заасан. Нийгэм сэтэхүй өөр ч эндээс жишээ авах юм байх. Айл бүрт урилгагүй зочилдог телевизийнхэн нийгмийн уур амьсгалыг мэдрэхэд илүүдэхгүй. Дээрх шүүмжлэл хатуу хэдий ч үнэн.
Хуучин нийгмийн үед монголчууд орос ах нарыг дагаад европжиж байсан гэдэг. Өнөөдөр солонгосжсон нийгэм болчихоод байна. Энд нэг улсыг үгүйсгэх гэсэнгүй. Юманд учир, аливаад хязгаар байх хэрэгтэй гэдэг.
Монголчуудыг өнөөдрийн их эрх чөлөөнд хүргэх гэж ардчилсан хувьсгалыг эхлүүлэн удирдаж явсан С.Зориг агсан “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр залуус солонгос хүний ухаанд илүү итгэж амьдраад байх шиг. Солонгос гэхээр диваажинд хүрэх гэж байгаа мэт баярлаж уулзаж учраагүй байж эхнэр нь болж, гэрээт ажилтан болохын төлөө нойр хоол, нус нулимсаа барж байгааг харахаар эмгэнэлтэй. Ийм нийгмийг ардчилсан хувьсгал хийгчид хүсээгүй л байлтай.
www.times.mn