2000 онд зохион байгуулагдсан НҮБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн “Мянганы чуулга уулзалт”-аар 2015 он хүртэл хугацааны дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг хэлэлцэн баталсан билээ.
Уг чуулга уулзалтаар баталсан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан 2015 оноос хойшхи хугацааны хөгжлийн зорилтуудыг тодорхойлох зорилгоор НҮБ-ын гишүүн орнуудын хэмжээнд сэдэвчилсэн үе шаттай хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буй Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг залуучуудын оролцоотойгоор дүгнэх, улмаар хэрэгжилтийг эрчимжүүлэхэд болон 2015 оноос хойших хугацаанд дэвшүүлэн тавих хөгжлийн зорилтуудыг оновчтойгоор тодорхойлоход залуучуудын дуу хоолой, санал бодлыг тусгах зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран залуучуудын сэдэвчилсэн хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 100 гаруй залуучууд оролцсон юм.