Манаи төр засаг хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, соёл боловсролын асуудлыг хөсөр хаяад удаж байна. Хүүхэд багачууд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар гэж байдаггүйн улмаас РС тоглоомын газар хэмээх нэгэн бохир бизнес цэцэглэсэн гэхэд болох юм. Хүүхдүүд дайн тулаантай эсвэл адал явдалт тоглоомонд хэт автан төлөвшиж амжаагүй ой ухаан нь хүчтэй цочролд орж сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болж эхэлсэнээр хэдэн жилийн өмнө Шар хадны Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд тусгай тасаг нээгдэж байсныг уншигчид санаж байгаа байх.
Тоглоомд хэт донтсон хүүхдүүд тэрхүү тасагт “Hitman”, “Yuri”, “Age Empires”, “Dota”, “Соunter Strike” гэх мэттоглоомынхоо ертөнцөд хийсвэрлэн амьдарч хана руу хий буудаад зогсч байдаг болсон билээ. Сэтгэцийн хувьд хямралд ороогүй өөр нэг хэсэг нь гэрийнхээ эд хогшил, эцэг эхийнхээ үнэтэй цэнтэй эд юмсыг хүртэл хулгайлан ломбарданд тавьж тоглодог болсон юм. Хүүхдүүдийн оюун санааг хордуулагч. гэмт хэрэгт уриалан дуудагч РС тоглоомын газрууд нь өмхий самхай ханхалсан подвалд эсвэл бохир орчинд байрладагаас хүүхдүүд халдварт өвчин тусах явдал ч ихэссэн гэхэд болно.
Хамгийн аюултай нь РС тоглоомын газрууд нь ямар нэг дунд сургууль бараадан байрладаг бөгөөд нэг сургуулийн ойр орчимд 2-3 тоглоомын газар зоолттой байгаа гээд мөрийцсөн ч алдахгүй. Адгийн наад захын жишээ дурдахад Баянгол дүүргийн 3-р хорооллын троллейбусны эцсийн буудлаас “Макс” хүнсний зах хүртэл 50 гаруй тоглоомын газар бий. Тэдний хаалгыг татан ороход хүүхэд байтугай том хүн ч тэсч тэсвэрлэхийн аргагүй бүгчим давчуу өмхий агаар угтан авахаас гадна бөөн хашгиралдаан хараал зүхэл буцалж байх нь сэтгэл эмзэглэм. Тэдгээр тоглоомын газруудын ихэнх нь цонхнуудаа хар хөшигөөр битүүлж, хаалгандаа дуу намсгах зүйл битүү наасан байдаг нь өдөр шөнөгүи, цагийн ямар ч баримжаагүй тоглуулах гэсэн зорилгынх нь илрэл юм.
Ирээдүй хойч үеэ ийм өрөвдөлтэй байдалд оруулж гаргуунд нь гаргасан улс орон манайхаас өөр нэг их олон байдаггүй байх. Байлаа гэхэд цус нөж, хүчирхийлэл аллага, өш хонзон, террорист үйл ажиллагааг илт сурталчилсан, буруу үлгэр дууриал үзүүлэхүйц тоглоомуудыг хуулиар хориглодог байх. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ хүүхдүүд аллага хядлагад дасан зохицог гэсэн шиг ямар ч хараа хяналтгүи орхисноос таван настай хүүхэд хүртэл нүдээ гялалзуулан буудалцаан хядалцаантай тоглоом тоглоод сууж байх жишээтэй.
Саяхан Цагдаагийн газраас шалгалт хийгээд РС тоглоомын газрууд нь хүүхдүүдийг орон гэрээс нь дайжуулдаг тэнэмэл золбин байдал руу алгуурханаар татан оруулдаг болсныг илрүүллээ гэх түгшүүртэй мэдээлэл цацаж байна. РС тоглоомын газруудыг ажиллуулдаг хүмүүс цагийн төлбөрөө төлж л байвал хэн хэдэн цаг, хэдэн өдрөөр суух нь огтхон ч хамаагүй гэж үздэгээс сургуулийн насны хүүхдүүд тоглоомонд донтон гэртээ ч харилгүй хэдэн сараар тоглоомын газруудаар хэсэн амьдардаг болсон нь илэрчээ.
Тоглоомын газруудыг өртөөлөн “тэнэж” амьдардаг хүүхдүүдийн ар гэрийг судлаад үзвэл ихэвчлэн хөдөөнөөс хотод шилжин ирсэн айлуудын хүүхдүүд байгаа бөгөөд хоёроос гурван хүүхэдтэй ганц бие ээжүүд нь хоногийн хоолны мөнгө олохын төлөө ажил төрөл хийн ар гэртээ анхаарал тавьж чадахгүйгээс хүүхдүүд нь гаргуунд гарч харин тэднийг РС тоглоомын газрууд “алгаа тосон” авдаг болох нь илэрчээ. Бидний ирээдүй болсон хүүхдүүд ийнхүү тоглоомын газруудаар хэсэн амьдарч хүчирхийлэл алаан хядаанаар дүүрэн тоглоомын ертөнцөд уусан орж байгаагийн хор уршиг хэдхэн жилийн дараа гарах вий.
Тиймээс төр засгийн зүгээс хүүхэд залуусынхаа оюуны болоод бие бялдарын хөгжилд анхаарал тавьж тэднийг уруу татан оюуны доройтолд оруулж буй тоглоомын газар нэртэй хүүхэд хордуулагч газруудын үйл ажиллагааг хумих хэрэгтэй байна. РС тоглоомын газруудыг цөөлж оронд нь биеийн тамир спортын талбай төвүүдийг олшруулбал наанадаж үр хүүхдүүдэд маань цаанадаж улс эх оронд маань хэрэгтэй билээ.
ЭХ СУРВАЛЖ: НОЦТОЙ МЭДЭЭ