Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хөдөлгөөн-эрүүл мэнд” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус яамнаас нарны дасгал, нарны гүйлт, нарны алхалт, ажлын байрны дасгал, хийн дасгал зэрэг идэвхтэй хөдөлгөөний жорыг монголчууддаа хүргэж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэвшил болгохыг зорьж байгаа аж. Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Эрүүл мэндийн 55 хувь өөрөөс нь шалтгаалдаг. Хувь хүн эрүүл зан үйлтэй, эрүүл мэндийн боловсролтой байвал өвчнөөс сэргийлж чадна. Хамгийн өртөг зардал багатай, үр дүнтэй, мөнгө төгрөг шаардахгүй сэтгэлийн чин зориг, тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзлээр хийж болох энгийн аргуудыг хүн бүр хийж хэвших хэрэгтэй байна” гэлээ.
Өдөрлөгт хийн дасгалаар хичээллэдэг 15-85 насны 1000 хүн биеийг тэтгэн чийрэгжүүлэх хөдөлгөөн, биеийн хэлбэрийн шүлэглэл дасгал, ажлын байрны дасгалуудыг хийж сонирхуулав. Хийн дасгалыг хийснээр хөдөлгөөний хомсдлоос гарах, эрүүл чийрэг, урт наслах, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Уг дасгалаар хичээллэхэд насны хязгааргүй, хаана ч, хэзээ ч хичээллэж болдгоороо давуу талтай.
Сонгинохайрхан дүүргийн IY хорооны иргэн, өндөр настан С.Гэндэн, “Би 72 настай. Хийн дасгалаар хичээллээд 6 жил болж байна. Дасгал хийхээс өмнө даралт ихэсдэг, хөл гар өвддөг, амьсгааддаг байлаа. Зургаан давхарт шатаар өгсөхдөө 2-3 удаа амарч гардаг байсан бол одоо амрахгүй гардаг болсон. Үеийнхэн дотроо овор багатай гэж магтуулдаг. Хийн дасгалд явж байгаа хүмүүсийг харахад голдуу эмэгтэйүүд, хөгшчүүд байдаг. Тиймээс эрчүүд өөрийнхөө эрүүл мэндэд илүү анхаараасай” гэв. Сонгинохайрхан дүүргийн XIII хорооны иргэн Н.Оюун, “Би 68 настай. Хийн дасгалаар 4 жил хичээллэж байна. Хийн дасгалаар хичээллэхэд даралт ихэсдэггүй, гар хөл өвддөггүй. Ахмад настай улсуудыг энэ дасгалаар хичээллэхийг уриалмаар байна” гэв. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг үгийг байнга санаж, хүн бүр эрүүл саруул явахын тулд тогтмол хөдөлгөөнтэй байгаарай” гэв. Өдөрлөгт Шастины нэрэмжит III эмнэлэг, Улсын клиникийн I эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, ХСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүүхдийн төв сувилал, дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлага, албан хаагчид зэрэг 2000 гаруй хүн оролцсон юм.
ДЭМБ-ын тооцоолсноор халдварт бус өвчинд нөлөөлж буй хүчин зүйлд хөдөлгөөний хомсдол ордог. Энэ нь илүүдэл хөдөлгөөн, артерийн даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэгт нөлөөлж улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг аж. Эрсдэлт хүчин зүйлийн нэг болох хөдөлгөөний хомсдлоос сэргийлж чадвал халдварт бус өвснөөр өвчлөх, цагаасаа өмнө нас барах, тахир дутуу болох асуудлыг 50 хувь, амьдралынхаа турш биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижинг 90 хувь, халдварын тохиолдлыг 30 хувь бууруулж чадах юм.
Ж.Болор
МОНЦАМЭ