Энэ зүйл биднийг бага багаар сорж байгааг та ч мэдэхгүй, би ч мэдэхгүй байсаар өдийг хүрлээ. Ийм нэгэн гарчигтай нийтлэлийг Японы дунд сургуулийн нэгэн сурагч цахим хуудсанд бичиж, дэлхий нийтийг өнгөрсөн цагт аваачсан. Дунд сургуулийн сурагч зөвхөн Японы Фукушима атомын цахилгаан станцын талаар онцлоогүй. Бүхий л осол болж байсан атомын цахилгаан станц, химийн үйлдвэрийн осол, үүнээс гарсан хохирлын талаар бичсэн юм.
Хүн гэдэг амьтан энэ дэлхийг бага багаар устгаж байгаа. Гэхдээ дэлхийг гэхээсээ өмнө өөрөө өөрийгөө гэхэд хилсдэхгүй. Хүрээлэн буй байгаль орчин, нутгийн иргэд, ан амьтныг хүртэл хордуулж байгаагаа одоо ч ухаарахгүй байгаа нь үнэн. Саяхан Японы загас агнуурын худалдааны зах дээрээс хэсэг судлаачид Фукушимагийн хорт бодис загасанд байгаа эсэхийг судалсан. Шинжилгээ хийсэн 20 загасны 17-д нь сөрөг хариу гарсан. Энэ нь загасны биед хорт бодис байгаа гэдгийг баталж буй. Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхит туяанд хамгийн их хордсон загас бол туна. Энэ төрлийн загасны мах дэлхийд өргөн хэрэглээний хоолны мах болдог.
Зөвхөн Японы эрэг гэлтгүй Фукушимагийн ослоос хойш цацрагт идэвхит туяа, хортой бодис нь АНУ-ын зүүн эрэгт хүрсэн нь судалгаагаар батлагдсан. Калифорнийн далайн эргээс барьсан хөх туна загаснуудын мах нь гашуун амтагдах болж, үүнийг судлаачид ямар учиртай болохыг олж тогтоохоор болжээ. Хоёр долоо хоногийн турш хийсэн нарийн судалгаагаар Фукушимагийн атомын цахилгаан станцын сүйрлийн улмаас алдагдсан цацраг идэвхит туяанд хордсон болохыг олж тогтоосон аж.
Тэр ч бүү хэл, өнгөрсөн жилийн сүүлээр Японы Фукушима АЦС-ын ойролцоо амьдардаг оршин суугчдын 300 мянга гаруй хүүхдийг бамбай булчирхайн болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэн эмнэлгийн үзлэгт хамруулсан. Урьдчилсан шинжилгээгээр Фукушимагаас ирсэн 130 хүүхдээс 10 нь дааврын өөрчлөлттэйгээс гадна бамбай булчирхайн эмгэг илэрсэн. Үүний дараа хүүхэд бүрийг үзлэгт хамруулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Үзлэг явуулсан эмч хүүхдүүдээс илэрсэн бамбай булчирхайн эмгэг болон цөмийн хямралын хооронд холбоо байгаа эсэхийг тогтоосон. Эмч нар Фукушимагийн 18-аас доош насны 360 мянган хүүхдийг үзлэгт хамруулж, шинжилгээний дээжээс АНУ-руу илгээсэн аж. Тус улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн Фукушимагийн АЦС-аас 20 км зайд оршин суугаа иргэдэд цөмийн аюул байхгүй гэж мэдэгдэж байсан ч энэ нь сүүлдээ худал болон хувирсан.
Япончууд 1986 оны Чернобылийн аюулыг санан, айдас хүйдэс дунд амьдарсаар байна. Чернобылийн АЦС-д осол гарахад хүүхэд байсан 6000 гаруй хүмүүст хожим бамбай булчирхайн хорт хавдар илэрсэн байдаг. Хуучин ЗХУ-ын Украйны Чернобилийн цөмийн эрчим хүчний үйлдвэрт 1986 оны дөрөвдүгаар сарын 26-ны өдөр дэлхийд хамгийн томд тооцогдох осол гарсан билээ. Дөрөвдүгээр станцад нь гарсан ослоос үүдсэн түүний цацраг идэвхжил байсаар байгаа гэдгийг судлаачид онцолдог. Тухайн үед 1000 тонн жинтэй хавхлаг таг зад үсэрч цельсийн 2000 хэмээс илүү хэмийн халуунд түлшний баганууд хайлж, реакторыг бүрхэн гал үүссэн. Цөмийн реакторуудыг тосолж, тэнцвэржүүлж байх ёстой хэсэг нь бүтэн есөн өдөр шатаж, ойр орчимд ихээхэн хэмжээний цацраг идэвхит бодис тараасан. Энэ нь дэлхий нийтийн хувьд сүйрэл ирсэн мэт л өдөр байсан. Чернобылийн ослоос 1945 оны наймдугаар сард Японы Хирошимад санаатайгаар хаясан атомын бөмбөгнийхөөс 100 дахин илүү цацраг идэвхижилт үүссэн гэдгийг эрдэмтэд баталсан. Тухайн жилийн дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 5-ны хооронд 30 гаруй цэргийн нисдэг тэргээр 2400 тонн хайрга 1800 тонн элс цацаж, галыг унтрааж, цацраг идэвхжилийг бууруулахыг оролдсон боловч бүтэлгүйтсээр байсан. Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн гал хамгаалах албаны 600 хүн болон үйлдвэрийн ажилчид цөмийн цацрагт хүчтэй хордож, тэдний 130 нь ийм нөхцөлд ажиллагсадын жилийн нормоор 650 жилтэй тэнцэх дозоор хордсон байдаг. Улмаар иргэд нь хорт хавдар тусч, хүний биед гаж үзэгдэл илрэх болсон. Нийтдээ 600 мянгаас 800 мянган хүн 1989 он хүртэл Чернобилийн цацраг идэвхижилтийг цэвэршүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцсон ч хожим нь үхэх нь үхэж, мутацийн өөрчлөлтөд орох нь орж, аймшигт бүхэн дэлхийг цочроож эхэлсэн.
Үүнээс өмнө 1979 оны гуравдугаар сарын 28-нд АНУ-ын Пенсильвани мужийн Гаррисберг хотын Три Майл Айленд хэмээх атомын цахилгаан станцад бас нэгэн осол гарсан. Энэ нь АНУ-ын хувьд хамгийн том цөмийн эрчим хүчний станц, атомын цахилгаан станцын осол болсон. Хамгийн сүүлд бүртгэгдсэнээр дэлхийн 31 оронд 436 цөмийн цахилгаан станц бий. Сайн тал нь эдгээрээс 54 нь Япон улсад үүсээд буй нөхцөл байдлаас болон үйл ажиллагаагаа зогсоосон. Японы хувьд газар 54 цөмийн цахилгаан станцынхаа 10-ынх нь үйл ажиллагааг нь Фукушимад болсон ослын дараа зогсоосон.
Бушер дахь Ираны анхны атомын цахилгаан станц аюулгүйн шаардлага хангаж чадахгүй байгаа учраас тэнд Чернобыль, Фүкүшимагийн станцуудад гарсан ослын дайтай сүйрэл гарч магадгүй талаар сүүлийн үед CNN агентлаг сэрэмжлүүлсээр байна. Ираны атомын эрчим хүчний байгууллагын ажилтан дээрх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн аж. Бушер дахь Ираны анхны атомын цахилгаан станцыг эхлээд 1975-1980 онд ХБНГУ-ын мэргэжилтнүүд, дараа нь 1990 оноос орос мэргэжилтнүүд огт өөр технологиор барьж босгосон байна. Германчууд хөндлөн байрлалтайгаар цөмийн тогоог байр-луулахаар төлөвлөсөн байсныг оросууд босоо байрлалын тогоогоор солин өөрчилжээ. Ийм зохион байгуулалт дэлхийн түүхэнд огт байгаагүй. Станц байрлаж байгаа газар хамгийн их газар хөдөлдөг бөгөөд сейсогийн аюултай бүсэд ордог юм байна. Тиймээс Ираны дээрх атомын цахилгаан станцад үйлдвэрийн осол болж магадгүй гэдгийг эртнээс анхааруулж байгаа. Эрдэмтэд ч “Цаашдаа дэлхий нийтийн өмнө атомын цахилгаан станц дахин барих хэрэгтэй эсэх дээр эсрэг байх суурьтай байна. Дэлхийд атомын цахилгаан станц нэмэгдэж байгаа нь өөрсдийгөө аажмаар устгаж байгаагийн нэг хэлбэр. Үүнийг л зогсоох хэрэгтэй байгаа юм. Ер нь сайн зүйл тун ховор. Эхнээсээ үйлдвэрийн, станцийн осол болсоор байгаа нь гамшгийн хэмжээ ямар байгааг харуулаад зогсохгүй хүмүүст хэрэггүй гэдгийг баталсаар байна” хэмээсэн.
Б.Баатар