Монголын үзэгчид дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг үзэх сайхан боломж гарчээ.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх зургадугаар сарын 13, 14-нд дэлхийд алдартай Нью-Йоркийн балетын компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” ирж тоглох болсон байна.
Нью-Йоркийн балетын компанийн тухай товч танилцуулахад, Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар тус компанийг 1948 онд байгуулжээ. Энэ компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй, урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм.
Нью-Йоркийн балетын компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдож, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт нуур” бүжгийн жүжгээрээ танигдсан аж.
Энэхүү алдарт компанийн гоцлол найман бүжигчнээс бүрдсэн тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд, мөн “Хунт нуур” бүжгийн жүжгийн “Хар хун” болон “Цагаан хун” багтсан байна. Эдгээр бүтээлийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх гэж буйгаараа онцлог юм.
Тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдөх аж. “Америкийн бүжгийн одод” тоглолтыг ДБЭТ болон “Саунд оф Монголиа” хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Монре Даатгал, ивээн тэтгэгчээр “Хас” банк, АНУ-ын ЭСЯ, “Мон Эм Импекс” ХК, “Төгөлдөр” сан болон ноён С.Рагчаа нар дэмжин ажиллана.
А.Байгалмаа
ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ