Сирийн Алеппо хотод Башар Асадын дэглэмийн эсрэг тулалдаж буй лалын зэвсэгт бүлгийн дайчид насанд хүрээгүй хүүг шашин шүтлэгийг нь доромжилсон хэргээр цаазалжээ.
Энэ тухай хүний эрхийг хамгаалах “Syrian Observatory for Human Rights” байгууллагын эх сурвалжаар “Франс пресс” агентлаг мэдээлсэн байна.
Мэдээнд өгүүлснээр 15 настай Мохаммад Катта хүүг эцэг эх болон хотын оршин суугчдын нүдэн дээр автомат буугаар буудан хороожээ. Үүнээс хэд хоногийн өмнө хүү “гэгээн Мухаммед тэнгэрээс газарт бууж ирсэн ч лалын шашиныг шүтэхгүй” гэж хэлсэн нь түүнийг үхэлд хүргэсэн аж.
Хүүг цаазалсан зэвсэгт дайчид чухам аль бүлэглэлд харьяалагддаг нь тодорхойгүй байна. Тэд сири биш сонгодог араб аялгаар ярьж байсан болохоор гадаадынхан байсан гэж хүний эрхийг хамгаалагчид үзжээ.
“Syrian Observatory for Human Rights” байгууллага энэхүү гэмт хэргийг “Башар
Асадын дэглэмд өгсөн бэлэг” гэж нэрлэжээ. Тэд иймэрхүү үйлдлээс болж Сирийн ард иргэд Асадын дэглэмийг зайлуулахаас айх болно гэж үзэж байна.
Башар Асадын засгийн газар сөрөг хүчнийхний хоорондын сөргөлдөөн хоёр жил гаруй үргэлжилж байгаа. Эхний үед босогчид зөвхөн улс төрийн зорилготой байсан бол сөргөлдөөний явцад сөрөг хүчнийхний эгнээнд “Аль-Кайда”-тай шууд холбоотой лалын радикал бүлэглэлүүд улам хүчтэй болсон.
Б.Мишээл
Эх сурвалж:Нийгмийн толь