Загвар өмсөгч, дизайнер Катя Зол хэмээх Монгол брэндийг үндэслэгч бүсгүйг ярилцлагынхаа зочиноор урилаа…
Бидний ярилцлага түүний хүсэл мөрөөдөл, ажил хэрэг ундран байдаг ажлын өрөө буюу загварын урланд нь өрнөсөн юм. Катя Золыг зөвхөнсайхан бүсгүй, хөдөлмөрч эмэгтэй гэдгээр нь төсөөлөшгүй мэт. Би маш энгийн хүн хэмээн өөрийгөө тодорхойлох энэ эмэгтэйгээс гайхалтай ухааныг, амьдралын нэгэн содон дүр, дотоод ертөнцийг олж харсанаа энэ дашрамд дуулгая. Түүний өөрийгөө олж, өөрийгөө бий болгосон тэр цаг үе үнэхээр гайхалтай. Ингээд Катя Золын ажил, амьдралын талаар өгүүлэх бяцхан ярилцлагаа уншигч танд хүргэж байна.
Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.Ажил хэрэгч хүмүүст ажлын өрөө нь хамгийн чухал байдаг. Энэ өрөөнд Катя Зол гэсэн брэндийн олон бүтээлүүд бий болсон байх?
Юуны өмнө танай сайтын хамт олонд болон уншигчидад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ бол миний 100% ажлаа хийдэг өрөө.Одоо зун болсон болоод ч тэрүү 4 цаг өнгөрөөгөөд л бараг гэгээ орчихдог болсон. Их ажилтай үед бол ургах нартай уралдаад л ажлаа эхэлнэ дээ.Ер нь хэзээ ч хамаагүй сайхан санаа орж ирэх л юм бол өрөөндөө орж ирээд зургаа зураад загваруудаа гаргаж эхэлдэг. Энэ өрөө надад маш их эрч хүч өгдөг юм.
Таны ширээн дээр байгаа номнууд их анхаарал татлаа. Эмэгтэйчүүдэд зориулсан амжилтын тухай номнууд байна. Би өөрөө энэ төрлийн номнууд унших дуртай?
Тиймүү би ч энэ төрлийн номнуудад их дуртай . Өрөөндөө бараг ном уншдаггүй ээ. Номоо аваад аль болох тухтай газар очиж уншихыг боддог. Тэр илүү өгөөжтэй бас кайфтай байдаг. Эдгээр номнууд надад эрч хүч урам зориг суралцах боломж олгодог. Эмэгтэй хүн ямар байх ёстой, амжилтанд хүрэхэд яах ёстой вэ? гээд л. Нэг өнцгөөс харахад миний багш гэж ойлгож болно.
Тэгвэл хамгийн сүүлд уншсан номын тухайд. Тэндээс Катя өөрт хэрэгтэй юуг авсан бол?
“Дээврийн хонгил дахь миний мөрөөдлүүд” гэдэг номыг хамгийн сүүлд уншиж дуусгасан. Хүн юу хүснэ, юу мөрөөднө түүнийгээ л авдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр юуны үр тарина маргааш тэр жимсээ л хурааж авдаг гэсэн санааг гаргасан. Бодлын хүч гэдэг зүйлд их итгэдэг болоод ч тэр үү, ийм төрлийн амжилтын номнуудад их дуртай. Завсар зайгаар нь утга зохиолын номнууд уншина. Номонд хэтэрхий их дурласан даа.
Миний хувьд таныг дизайнер мөн гадаадад загвар өмсөж байсан гэхээс өөр юм мэдэхгүй. Яг надтай адил олон хүн таныг сонирхож байгаа гэдэгт итгэлтэй байна. Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
Миний бага нас их олон газар өнгөрсөн. Би чинь нэг хэсэг Хэнтийд байлаа. Мөн гэр бүлийнхэнтэйгээ Дорнодод амьдарч байсан. Бүр хөдөө эмээ өвөө хоёртойгоо амьдардаг байсан. Би жирийн л дундаж амьдралтай айлын охин. Амьдрал үзсэн бас амьдралыг өөрийнхөө хэмжээнд мэддэг. Хүн ернь амьдралыг олон талаас нь мэддэг байх тусмаа амьдралыг их ойлгодог. Хүний зовлон жаргалыг мэддэг болдог юм болов уу? гэж боддог. Би өөрийгөө маш энгийн хүн гэж боддог шүү дээ.
Катя Зол гэдэг өөрийн гэсэн брэндтэй болчихлоо. Яг одоо өөрийгөө маш энгийн гэж бодсон хэвээрээ байгаа юу?
Тийм. Би жирийн л нэг хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдарч байгаа эмэгтэй. Надад ямар ч их зан байхгүй.Өөрийнхөөрөө байдаг. Тэрнь ч надад амар байдаг. Би анх хүмүүстэй ямар харьцаатай байсан одоо ч гэсэн тэр хэвээрээ байдаг. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл гэвэл Катя зорилгогүй хүсэл мөрөөдөлгүй юу хийхээ мэдэхгүй явж байсан үе байсан. Одоо бол тийм биш. Үнэхээр мөрөөдөл минь намайг нэг минут ч зүгээр суулгахгүй байна. Би мөрөөдөлдөө буцалж байна. Олны танил боллоо гээд өөрчлөгдөх ёстой бол илүү сайн талруугаа өөрчлөгдөх ёстой юм болов уу. Зөв байж зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Тэгж л боддог.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн хүсэл мөрөөдөл бага байхад нь тодорч биелэлээ олсон байдаг шүү дээ. Таны хувьд хүсэл мөрөөдөлтэйгээ хожуу учирсан юм шиг байна. Тиймүү?
Би чинь 10 жилээ “Ирээдүй цогцолбор” сургуульд төгссөн. Тухайн үед хүсэл мөрөөдлийн талаар ямар бодолгүй явлаа. Сургуулиа төгсөөд би хаашаа явах юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан. Ямар ч байсан нэг сургууль бараадах ёстой гэдгээ л мэдэж байсан.Тэгээд Москвагийн Эрчим хүчний сургуульд орсон. За, ёстой тоон дунд 2 жил төөрч явсан даа. Мэдээж миний сонирхдог зүйл биш байсан. Тэгээд сургуулиа орхисон. Ернь юу хүсэж юу мөрөөдөж байгаагаа мэдэхгүй болохоор их төөрсөн шүү. Дараа нь Хятадад хэлний бэлтгэлд суусан. Би англи хэлтэй мөн дээрээс нь Хятад хэлээр бага сага ойлголцдог болчихсон болохоор гадаадын сургуулиуд тэтгэлэг гээд янз бүрийн зүйлүүдийг судалж эхэлсэн. Тэгээд Малайзыг сонгосон. Учир нь амьдралын өртөг гайгүй дээрээс нь хятад, англи хоёр хэлээр ярьдаг. Малайзад очоод шалгалт өгөхөд миний хэлний түвшин их сургуульд ороход хараахан хүрээгүй л дээ. Тэгээд тэнд дахиад л хэлний бэлтгэлд суусан. Хэлний бэлтгэлд сууж байх тэр хугацаандаа би амьдралынхаа хамгийн том, хамгийн чухал зүйлийг олсон. Катя чиний амьдралын зорилго юу юм бэ? Чи юу хүсэж мөрөөддөг юм бэ? Чи юу хийх ёстой юм, чиний амьдралын зорилго чинь юу юм. Энэ бүхний хариу бол хувцас загвар байсан.Чи үнэхээр энэ салбарт л ажиллаж ёстой юм байна. Энэ л чиний зорилго, чи үүнийг л хамгийн сайн хийж чадна гэдгээ ойлгосон. Би асар удаан ганцаараа байж энэ тухай бодсон. Тэгээд л би өөрөөсөө асуусан тэр олон асуултынхаа хариуг олсон.Би загварын хүн болох ёстой юм байна , миний зорилго ийм байх ёстой юм байна. Тэгээд дуртай зүйлээ хийгээд ирэхээр хүн аз жаргалтай болдог юм байна. Зорилго тодорхой байвал хийх юм ойлгомжтой. Ингээд л хөдөлмөрлөж эхэлсэн.
Зүгээр л амьдралын урсгалаар явж байгаад гэнэт зогсож энэ бүх асуултыг өөрөөсөө асууж, энэ бүх өөрчлөлт ухаарлыг эрэхэд Катя-д юу нөлөөлөв?
Чи бодоод үзэл дээ. Хаачихаа мэдэхгүй юу хийхээ мэдэхгүй. Би яах гэж төрсөн юм бол надад амьдрал маш утгагүй санагдаж байсан. Хэн ч биш амьдарч яваа минь надад аймшигтай санагдаж байсан. Утгагүй зорилгогүй яваад л байдаг. Намайг тойроод бөөн асуултын тэмдэг. Тэр болгоны хариултыг хайж, ухаж эхэлсэн. Өөртөө тавьсан тэр бүх асуултандаа би өөрөө нэг нэгээр нь хариулж байсан гэх үү дээ. Хариултаа өөрөөсөө чин сэтгэлээсээ авсан амьдрал минь утгатай зорилготой болж эхэлсэн. Тэгээд дуртай юм хийгээд эхлэнгүүд хүн өөрөө боломжуудыг алдалгүй ашиглаж эхэлдэг. Ингэж чадвал амжилтанд хүрдэг юм байна гэдгийг би өөрийнхөө амьдралаар өөртөө ойлгуулсан. Намайг хамгийн их өөрийгөө олоход зоригжуулсан зүйл гэвэл, Та үхээд өглөө юу ч хийж бүтээгээгүй хэн ч таныг дурсахгүй. Энэ л аймар байсан. Чи өөрөө бурханы дахин давтагдашгүй гайхалтай бүтээл. Тийм болохоор чи ч гэсэн энэ дэлхий дээр өөрийн гэсэн гайхалтай зүйлийг хийж бүтээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ядаж л үдлээд буцдаг энэ хорвоод яагаад сайн хүн байж сайнаар дурсагдаж болохгүй гэж.Бүр илүү байж чадвал нийгэмдээ хэрэгтэй эх орондоо хэрэгтэй бүр дэлхийн бүх хүмүүст хэрэгтэй юм хийж бүтээх хэрэгтэй. Эсвэл тэр хүний зорилго тайван аз жаргалтай байх байж болно шүү дээ.Тэгвэл тэр тайван аз жаргалтай амьдралын төлөө бүхнийг хийх хэрэгтэй. Харин Катягийн зорилго бол Катя Зол гэдэг нэр үлдээсэй гэсэн хүсэл. Эх орондоо юм хийж бүтээх юмсан. Миний үр хүүхэд гэлтгүй удам угсаа минь миний босгосон сайн хөрсөн дээр сайхан амьдралаа эхлүүлээсэй гэж хүсдэг. Би энэ бүхний төлөө хичээх болно.
Та тэнд очоод хэр удсан юм бэ? Хүний нутагт анх очоод хэр байв? Загвар өмсөгч болсон түүх их сонин байна?
Хэн ч танихгүй хэнийг ч танихгүй ярих ойлголцох ч хүн байхгүй тийм газар ганцаараа байна гэдэг хэцүү. Ядаж утсаар яриад асуучих ч хүн байхгүй шүү дээ. Мэдээж оюутан хүнд мөнгө хэрэгтэй учир ажил хайж эхэлсэн. Аз болоход хэлний курст хамт сурдаг охин маань “…….” загварын агентлагын талаар надад хэлсэн. Тэгээд тэр найз охиныхоо хүчинд очиж бүртгүүлсэн. Тайзан дээр ерөөсөө алхаж үзээгүй байж маш зоригтойгоор чадна гэж хэлсэнТэгээд л маргааш нь надруу утасдсан.
Одоо ернь загварын агентлагтайгаа холбоотой байдаг уу?
Тэгэлгүй яахав байнга намайг асууна. Ийм ажил байна, тийм ажил байна. Би их олон газруудтай хамтран ажиллаж байсан. CK model agent , Rolls model agent, Velvet model agent, Bad dogs studio, Jey matt photo studio гэх мэт. Хаанаас гоё санал ирнэ тэрийг хүлээн авдаг байсан.Тэр хугацаанд би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж сайн загвар өмсөгч байсан гэж боддог. Би аливаа зүйлийг дунджаар хийхийг зөвшөөрдөггүй. Тиймдээ ч би амжилтанд хүрсэн. Би оюутан хүн цалин хэрэгтэй гэхээсээ илүүтэйгээр дур сонирхолтой байж бүхий л хүч чадлаа дайчилдаг байсан.
Дизайнер болно гэдэг Катя Золын жинхэнэ хүсэл мөрөөдөл нь байж. Дизайнер гэсэн мэргэжлээр хэзээнээс ажиллаж эхлэв. Тэр том хотод өөрийн загвараа гаргана гэдэг амаргүй даваа байсан байх?
Мэдээж тэгэлгүй яахав. Тэр том газар тийм олон брэндүүд, хэрэгтэй хэрэггүй олон хувцаснууд байхад миний хувцасыг хэн тоож авах вэ? Би үнэхээр тийм бодолтой байсан.Итгэлгүй байсан. Эхлээд нохойны хувцас хийлээ.300 ширхэгийг хийгээд 3 хэмжээгээр зургийг нь аваад тэнд нохойнуудын салон гэж байдаг тэд бүх салоноор явж зарсан. Асар хямдхан.Мөнгөөрөө өөртөө оёдлын машин худалдаж авлаа. Сургуульд нь сурч байгаа хүн өөрт нь хувцас хийлээ. Мэдээж хийсэн хувцасаа өөрөө өмсөнө. Тэгсэн нэг удаа загварынхаа агентлаг дээр өмсөөд очлоо. Агентлагийн маань охид сонирхож байна аа. Мэдээж охид л болсон хойно Катя чи яасан дажгүй хувцас өмссөн юм, хаанаас авсан юм гээд л. Би өөрөө хийсэн юм гэсэн чинь итгэдэггүй ээ. Нэрээ л чи хийсэн юм бол би ч гэсэн хийлгэе гэж надад санал тавьсан.Тэгээд би өөртөө дүгнэлт хийсэн л дээ. Катяг модел хүн сонирхож байна. Тэгэхээр бусад хүмүүс ч гэсэн сонирхох юм байна. Тэгээд би 20, 30 хувцас коллекциор нь хийгээд интернэтээр борлуулж эхэлсэн. Манай Малайз найз охин компьютерийн ард сууж борлуулалтыг нь хийгээд би хувь өгдөг байсан. Ингээд л бүх зүйл эхэлсэн дээ. Асар их захиалга орж ирдэг. Амжилттай ч ажиллаж байсан. Гэхдээ яваандаа бас асуудал гарч ирсэн. Нэг зүйлийг өнгө өнгөөр өөр өөр хэмжээгээр давтаад л хийгээд байсан болохоор асар уйтгартай. Тэгээд брэнд гэдэг утгаараа жинхэнэ загваруудыг гаргаж эхэлье гэж бодсон. Брэндийг бүтээх бий болгох санааг гаргаад би “Rolls model agent”-д хандсан. Учирнь тэднийх брэндийг гаргаж ирдэг. Хэвлэлийн бага хурал лого эмблем нэр гээд л тэд бүхий л зүйлийг хийхэд тусалсан. Энэ тал дээр найзууд маань надад их тусалсан.ӨмнөньK.A.T гэсэн нэрээр хувцасаа гаргадаг байсан. Тэгээд Хонгконгод яг ийм алдартай брэнд байдгийг мэдээд больсон. “Rolls”агентлагын захирал Карл тухайн үед надад сүүлийн үед хүмүүс нэрээрээ их нэрлэдэг болсон нэрээрээ нэрлэвэл ямар байна гэж асуусан. Тэгээд Катя Зол гэсэн нэрээр брэнд хувцасаа хийх болсон. Тэнд байхад манай найзууд Катя чи гурав дөрвөн жил загвар өмслөөМалайздаа танил боллоо хэд хэдэн шоу хийлээ. Одоо эх орондоо ирж юм хийвэл дээр юм биш үү гэж санал болгосон.Ингээд л Монголдоо ирсэндээ.
Эх орондоо ирлээ. Хүмүүс миний загварыг яаж хүлээж авах бол гэж бодож байсан уу? Брэндийг бүтээж бий болгоход их хүч хөдөлмөр зарсан байх. Тодорхой хэмжээний шалгуур ч байдаг байх?
Брэнд бий болгоно гэдэг амаргүй юм байна лээ. Үнэхээр их цаг хугацаа хүч хөдөлмөр орсон. Их зүйл хийх хэрэгтэй болдог юм байна лээ.Тэр үед хүмүүс яаж хүлээж авах бол гэж ерөөсөө бодоогүй. Одоо ч гэсэн тэгж боддогүй. Би ернь ингээд хийчихвэл ингээд хэлчихвэл, энэ нэвтрүүлгийг хөтөлчихвөл хүмүүс юу гэх бол гэж боддоггүй. Магадгүй буруу л байх л даа.Гэхдээ энэ нь надад илүү амар байдаг. Би өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж байгаа. Миний амьдралаар хэн ч амьдрахгүй миний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Тиймээс би бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийдэг.
Зорьж явсан мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүллээ. Катя Зол гэсэн брэндийг бий болгож чадлаа. Өөрөөрөө бахархана биз?
Бахархах гэхээсээ илүүтэйгээр маш их баярласан. Маш их урамшсан.Үгээр хэлэмгүй тийм гоё мэдрэмжийг мэдэрсэн. Энэ их хөдөлмөрийн дараа хүссэн зүйлээ бий болгож чадлаа. Нэг шат ахилаа. Би хэзээ ч өөрийгөө боллоо гэж бодож байгаагүй. Би болоогүй шүү дээ. Хаа байсан юм би одоо ч гэсэн суралцаж байна.Монголоор дүүрэн гайхалтай дизайнерууд байна. Магадгүй би тэдний хаана нь ч хүрэхгүй байх. Би залуу байна надад сурах юм их байна. Өөрийн гэсэн бүтээлтэй боллоо тэрийгээ хүмүүст танилцууллаа “New York”явлаа энэ бол миний хувьд амжилт. Гэхдээ үүнд сэтгэл ханахгүй. Илүү ихийг хийх болно. Тэгэхийн тулд илүү ихийг сурах хэрэгтэй.
Аливаа зүйл цаг үеэ мэдэрч гарахаар илүү амжилтанд хүрдэг юм болов уу? Катя Золыг эх орондоо ирж байхад Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Монгол брэндийг бий болгоё гэсэн асуудал ихээр яригдаж байлаа. Яг тэр цаг үетэй давхцаж гарч ирсэн нь илүү давуу талтай байсан юм болов уу?
Харин тийм. Би их азтай яагаад өмнө нь биш, хойно нь ч биш яг энэ цаг үед гарч ирсэн юм. Яагаад New York явсан юм бол, яагаад анхны монгол брэнд гэж яригдаад байгаа юм. Өмнө нь монгол брэнд байсан л даа гэхдээ намайг залуу хүн гэдэг утгаар их дэмжсэн. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээнэ гэж боддог. Тэр утгаараа энэ сарын 16-нд Дубайг зорих гэж байна. Тэнд 20 гаруй орны дизайнерууд оролцоно. Анх удаа монгол загварыг тэнд танилцуулах гэж байна. Энэ бол миний хөдөлмөрийн үр дүн.
Алдартай дизайнеруудын загварууд өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маяг онцлог зүйлтэй байдаг?
Яваандаа харагдах байлгүй дээ. Миний загварууд дахин давтагдашгүй.Бусдаас чанартай өөр байдаг. Удахгүй нэрийн дэлгүүрээ нээх бодол байгаа тэр үед хүмүүс надаас асуух биш мэдрэх байх гэдэгт итгэлтэй байна.
Сүүлийн үед Катя Зол мэргэжлээ солиод цэнхэр дэлгэцээр байнга уулздаг боллоо. Загварын тэмцээн таны мэргэжилтэй ойрхон байсан болохоор танд хөтлөхөд илүү дөхөм байдаг уу?
“Модарт” тэмцээний хөтлөгч шүүгчээр ажиллах саналыг тавьсан. Баяртайгаар хүлээж авсан. Энэ бол загвар өмсөгчдөд дизайнеруудад маш том боломжыг олгож байгаа том тэмцээн. Би гэхэд л New York явахдаа өөрөө цаасаа бариад, мөнгөө хөөцөлдөөд, өөрөө багаа бүрдүүлж загвар өмсөгчдөө сонгоод л гүйж байсан. Энэ тэмцээний оролцогчидод бол харин чадвараа үзүүлчихвэл үлдсэн бүх зүйл нь бэлэн. Эх орноо дэлхийн тавцанд сурталчилах боломжыг олгож байгаа энэ тэмцээнд талархаж байна. Би ч гэсэн чадлынхаа хэмжээгээр тэр хүмүүст зөвлөгөө өгөөд ажиллаж байгаа.Мөн телевизийн ажил ямар хэцүү болохыг ямар олон хүний хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг ойлгосон.
Та бол авьяаслаг дизайнер, чадварлаг загвар өмсөгч гэдгээрээ танигдсан. Өнөөдөр ярилцаж суугаад сайхан мөрөөдөлтэй сайхан зүйл мөрөөдөж явдагийг нь мэдлээ. Харин одоо миний сонирхлыг таны дотоод ертөнц илүү их татаж байна. Катя Зол гэж хэн юм бол. Юу бодож, сэтгэж явдаг бол. Ер нь хэн байхыг хүсдэг юм бол?
Би сайн хүн байхыг хүсдэг. Хүмүүс итгэхгүй байх л даа.Гэхдээ би үүнийг үйлдлээрээ үзүүлнэ. Амьдралаараа харуулна. Би хэнд ч муу санах дургүй, хэнийг ч муухайгаар харж чадахгүй. Аливаа зүйлийг дандаа эерэгээр хүлээж авахыг хичээдэг.Надад уналтанд орох үе байна.Гэхдээ би түүнийг өөрийнхөө хүчээр даван гарч чаддаг. Миний хамгийн их бодож явдаг зүйл гэвэл би энэ дэлхийн нэгээхэн хэсэг. Тийм учраас энэ хорвоо ертөнц дээр өөрийн гэсэн нэг зүйлийг хариу болгож бүтээчихээд явах юмсан гэж боддог. Яагаад хүмүүс яг адилхан хоёр гар, хоёр нүд, нэг тархитай хэрнээ зарим нь тэр агуу интернэтийг, гар утасонгоцыг,гайхамшигийг бүтээгээд байдаг юм. Би юугаараа дутах ёстой юм гэж боддог.
Амьдралыг алдаа онооны дэнс гэж ярьдаг. Алдаж үзээгүй хүн амьдрал үзээгүй гэсэн үг ч байдаг. Та хэр амьдрал мэдэх вэ?
Би амьдрал үзсэн шүү дээ. Хүнтэй сууж хүүхэд гаргаж үзсэн. Амьдрал зохиож үзсэн. Би амьдралын хүнд хэцүүг мэднэ. Сайхан муухайг зах зухаас амсаж явсан. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Учираа мэдэхгүй байхдаа гэр бүлтэй болсон. Хэтэрхий залуудаа амьдрал эхлүүлсэн. Энэ бүхэн надад ухаарлыг өгсөн. Эрч хүчийг мэдрүүлсэн. Амьдрал ийм байдаг юм байна. Эх хүн болно гэдэг чинь ийм юм байна. Үүрэг хариуцлага нь ийм байна. Мөн залуу насан дээрээ хүн хийж бүтээх ёстой байдаг юм байна. Тэгээд л одоо 100% ажилдаа өөрийгөө зориулахаар шийдэж хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэж явна. Би амьдрал үзээгүй, алдаа оноо гэж юу байдгыг мэдээгүй, эх хүн болоогүй байсан бол одоо ийм амжилттай явахгүй байсан. Миний аав надтай хамт байсан бол би өдийд юу хийж сураагүй айлын эрх охин ч байсан байж магад. Би амьдрал мэддэггүй байсан бол хүний зовлонг ойлгохгүй сайн хүн байхыг мэдэхгүй байсан. Хүн амьдрал үзэх тусмаа илүү ухаан суудаг юм уу даа гэж боддог юм.
Санал нийлж байна. Ийм хариулт өгнө гэж бодсонгүй. Нэг асуултын маань хариуг та цухас дурьдаад өнгөрлөө.Сүүлийн үед таны гэр бүлийг хүмүүс сонирхох болсон. Бүр ганц нэг мэдээ хэвлэлээр явж байгаа харагдсан?
Катя хүнтэй суусан уу? Хүүхэд гаргасан уу? энэ тийм чухал асуудал биш гэж би хувьдаа бодож байна. Харин би хүүхдээ зодсон уу? энэ бол өөр асуудал. Би хүүхдээ гаргасан уу? гаргасан өсгөсөн үү? өсгөсөн. Хайр халамж өгдөг үү? өгдөг. Харин эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухайд бол өөр. Амьдрал болж бүтээгүй. Аливаа зүйлийг хүчээр шийдэж болохгүй. Энэ бол миний хувийн амьдрал. Харин би Катя гэдэг эмэгтэйн зорьж тэмүүлж байгаа зүйлийг хараасай гэж хүсч байна. Катя хийж бүтээж байнауу? эх орныхоо нэрийг гаргаж байна уу? Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж чадаж байна уу? тэрийг хараасай гэж хүсч байна. Би гадаадад Монгол дизайнер, Монгол модель хэр чадварлаг болохыг харуулахыг зорьсон. Би хичээсэн. Би Малайзад эх орныхоо нэрийг, өөрийнхөө нэрийг, эцэг эхийнхээ нэрийг сайнаар гаргаж байгаад л ирсэн. Би тэнд хөдөлмөрлөхөөс өөр зүйл хийдэггүй байсан. Надад зугаа цэнгэл хөөх зав ч гардаггүй байсан. Тэгэхээр хүнтэй суусан гээд яасан юм, хүүхэд гаргасан гээд яасан юм. Би хулгай хийгээгүй, худлаа ярьж хүн мэхлээгүй. Энэ бол асуудал биш. Нэг нь дээшээ гарах гээд хийж бүтээгээд мацаж ядаж байхад доороос нь татдаг тамын тогооны үлгэрээсээ гараасай гэж боддог. Илжигээ унаад явахаар шүүмжилдэг, хөтлөөд явахаар шүүмжилдэг ийм байж болохгүй шүү дээ. Хүн болгон л алдаа оноо уналт гээд маш олон зүйлийг туулж өнгөрүүлдэг. Хүн 100% бүхнийг мэддэг төрдөггүй шүү дээ. Та ч гэсэн алдаж л байсан. Яг одоо ч гэсэн амьдралд алдаж л байгаа.. Өнгөрсөнөө биш ирээдүйгээ харж явах нь л чухал гэж боддог.
” Хүн бүрт бүх зүйл өв тэгш заяагаагүй байж болно. Энэ бол бурханы таалал. Харин жинхэнэ сайн найз нөхөдгүй бол өөртөө дүгнэлт хийх цаг нь болжээ гэж бод” гэсэн үгийг саяхан олж харлаа. Үнэхээр бодууштай санагдсан шүү. Найз нөхдийн тухайд?
Үнэхээр гайхалтай үг байна. Хүмүүсийг найз нөхдөөр нь дүгнэ гэдэг. Би ч гэсэн шинэ танилтай болоод ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг юм байна гэдгийг нь хардаг. Би үнэхээр гайхамшигтай найзуудтай. Тэд сайн зүйлийг ярьдаг, сайхан зүйлийг хийж бүтээж чаддаг. Найз нөхөд ямар үнэ цэнэтэй гээч. Миний баяр жаргалтай үед алга ташаад урмын үг хэлээд надаас илүү баярлаж чаддаг. Миний хэцүү үед утас цохиод, хонх дугаргаад хамгийн түрүүнд хүрч ирдэг. Миний найзууд бүгд өндөр албан тушаалтай карьертай хүмүүс биш. Харин тэд бүгд зөв сайхан амьдарч байгаа.
Баяралаа цаг зөв гаргаж ярилцлага өгсөнд. Тантай ярилцахад үнэхээр сайхан байлаа. Эрч хүч хүсэл мөрөөдөл ундарч оргилж байгааг мэдэрлээ. Маш гоё эрч хүчийг авах шиг боллоо. Эцэст нь…
Намайг урьсан танай хамт олонд болон уншигчдад баярлалаа. Зөв хүн байгаарай. Өөрийгөө олж мэдээрэй. Хүсэл мөрөөдөл зорилгоо олоорой. Тэгсэн цагт чи хийж бүтээж чадна. Тэр үед хүмүүс чамайг аяндаа хүндэлж бахархах болно. Би өнөөдөр нэг шат ахиж чадсан уу гэж өөрөөсөө байнга асууж байгаарай л хэлье.Баярлалаа.
Э.Энхжаргал
inet.mn