Шведийн 31 настай гүнж Мадлен 38 настай, банкны ажилтан, америк залуу Крис О`Ниллтэй хуримласан билээ. Тэд хамтдаа бал сараа Сейшелийн арлуудад өнгөрөөчихөөд дөнгөж эргэж ирээд байгаа юм.
Шведийн Svenska Dagbladet сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Крис гүнжийг дагаж, хааны гэр бүлийн гишүүний хувиар ханхүү хэргэм хүртэх бодолгүй гэдгээ өгүүлсэн байна.
“Би ханхүү больё гэж бодохгүй, харин мэргэжлээрээ ахиж дэвшихийг хүсч байна. Ханхүүгийн хэргэм зэрэг бизнес, санхүүгийн салбарт зарим нэгэн байдлаар хориг болох тал байдаг” гэж Крис өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, Крис ханхүү болохгүй харин гүнж Мадлен титмээсээ татгалзаж, тэд энгийн нэгэн гэр бүлийн эгнээнд багтахаар ярилцсан гэнэ.
“Бид хоёр ярилцаад, сай бодож байгаад би гүнжийн титмээсээ татгалзах нь дээр гэж шийдсэн” хэмээн Мадлен гүнж өгүүлжээ.
Норвегийн гүнж Марта-Луиза саяхан титмээсээ татгалзсан явдал гарсан билээ. Мөн дэлхийн түүхэнд хайр сэтгэлийнхээ төлөө Их Британийн хаан Эдвард VIII гэр бүлээсээ салсан америк бүсгүйтэй гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзсан түүх байдаг. Гэвч шведүүд болон олон нийт Мадлен гүнжийг арай яарч шийдвэр гаргах гэж байгаа эсэхийг дахин бодохыг зөвлөж байгаа гэнэ.