Давхраа хийлгэж, хамраа өндөрсгөн, арьсаа татуулсан бүсгүйчүүд монголд зөндөө бий. Тэдний гоё сайхан болох эрхийг хэн ч хязгаарлахгүй.
Монголд миссийн тэмцээн бишгүй олон болдог. Цахилгаан барааны дэлгүүрийн нүүр царайнаас эхлүүлээд аяга таваг угаагчийн шилдэг нүүр царай гэж тодруулах нь холгүй шилдэг сайхан мисс хүүхнүүдийн аазгайг хөдөлгөсөн тэмцээн нэг жил тойроод залхтал болно. Тэгээд тэр сайхан бүсгүйчүүд нь энд тэндэхийн тэмцээний цом, цэцэг түүхээр орсоор байгаад бүүр сурчихсан.
Гэтэл энэ олон тэмцээнд нүүрнийхээ арьсыг татуулснаасаа эхлээд иж бүрэн ажиллагаа хүртэл хийлгэсэн бүсгүйчүүд цойлж явах юм. Уг нь тэр мисс, сайхан бүсгүй, гоо бүсгүй гээд байгаа тэмцээн нь хүний төрөлхийн гоо сайхан шинжийг бүрдүүлсэн бүсгүйчүүдийн тэмцээн биш гэж үү? Нүүрэндээ нэг ч мэс хүргүүлээгүй бүсгүйчүүдийг нь болохоор гадуурхмаар аядсанаа, нөгөө засвартай бүсгүйчүүдээ, дэд, тэргүүн, шилдэг гээд л тодруулж алдах юм. Зарим нь нүүрэндээ биш толгойдоо ажилбар хийлгэсэн бол тэмцээнийхээ асуултанд ядаж таамаглаад ч болтугай хариулж дөнгөх л байх.
Хоёрын хооронд хиймэл хүүхнүүдийг уралдуулах байсан юм бол гоо бүсгүйн тэмцээн энээ тэрээ гэлгүй шууд л “Хамгийн сайн өөрчлөгдөж чадсан бүсгүй” гэж байгаад тэмцээн зохиовол харин нилээн хэдэн загвар өмсөгч цойлж явах байх шүү. “Нүдэн дээр юм гарчихаар нь авхуулах гэж байхдаа нэг мөсөн давхраа хийлгэчихсэн юм” гээд яриад явж байсан хүүхнийг бүхэл бүтэн Монгол улсыг төлөөлүүлэн дэлхийн миссийн тэмцээнд явуулсан тэр хүмүүс ичээсэй.
Б.Урангоо
/bai.mn/