Өнгөрсөн баасан гаригт болсон Нью-Йоркийн хөрөнгийн биржийн ээлжит арилжаагаар интернэтийн аварга компани “Google”-ийн нэгж хувьцааны үнэ түүхэндээ анх удаа 1000 долларын босгыг давлаа. Орон нутгийн цагаар 10 цаг 10 минутад “Google”-ийн хувьцаа ширхэг нь 1004.33 доллараар арилжаалагдсан хэмээн “CNBC” өчигдөр мэдээлсэн байна. Ингэснээр “Google”-ийн зах зээлийн үнэлгээ даруй 35 тэрбум доллараар нэмэгдсэн бөгөөд энэ нь “Үаhoo” компанийн нийт үнэлгээнээс илүү хэмжээ юм.
Пүрэв гаригийн арилжаа хаагдахад “Google”-ийн хувьцаа 976.6 доллар байсан байна. Хувьцааных нь үнэ нэмэгдсэнээр “Google” дэлхийн хамгийн үнэтэй компанийн жагсаалтад “Аррlе”, “ExxonMobil”-ын дараа гуравдугаарт орж байгаа юм. 10 жилийн өмнө “Google” анх удаа хувьцаа гаргахдаа 85 доллараар худалдаж байсан билээ. Оны эхнээс хойш өнөөг хүртэл хугацаанд 38 хувиар өссөн “Google”-ийн хувьцааны өнгөрсөн долоо хоногийн эхний хагасын дээд үнэ нь 928 доллар байжээ. “Google” энэ оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийтэлсэн нь хувьцааных нь үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ улирлын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өсч 15 тэрбум доллар болсон байна.