Дэлхий ертөнц Мадоннагийн залуухан харагддагийн нууцыг хэзээ ч олж мэдэхгүй байх. Гэхдээ бид өнгөрөгч Ням гаригт болсон “Super Bowl” шоун дээр өмссөн гайхамшигтай гурван янзын хувцсыг харсан билээ. Тэрхүү ер бусын өвөрмөц шийдэлтэй тоглолтын хувцаснуудыг нь Гивенчи Хауте Кочурын алдарт загвар зохион бүтээгч Риккардо Тиски бүтээсэн юм. Египетийн Фараон гэлтэй алтлаг өнгөтэй нөмрөг, ирвэсийн хээтэй чимэглэл болон толгойн алтан гоёл гээд сүр хүч, тансаг байдлыг илтгэсэн өвөрмөц хувцас өмссөн дуучин бүсгүйн тухай хэвлэл мэдээлэл, хүн бүхэн шагшин ярих болжээ. 53 настай Мадонна хамгийн сүүлд “VOGUE” сэтгүүлд зургаа нийтлүүлэн, ярилцлага өгснөөсөө хойш анх удаа олны өмнө тайзнаа гарч ирсэн нь энэ юм.
Риккардо Тиски, “Хүмүүс юм бүхэн хязгаартай гэж ярьдаг ч Мадоннад харин хязгаар гэдэг зүйл огт байхгүй” хэмээн ярьжээ. Мадонна дуучин Ники Минаж болон M.I.A нарын хамт “Give Me All Your Luvin,” дуугаа дуулах үедээ ирвэсийн чимэглэлтэй хар богино даашинз өмсөж, пиятон бүс бүсэлсэн байлаа. Мөн түүний 20 каратын очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан ээмэг зүүж, өндөр өсгийтэй хар гутал өмсөн Material Girl-ийн гоёл чимэглэл зүүснийг анзаараагүй хүн байхгүй биз ээ. Мадонна өөр нэгэн дууны үеэр хувцсаа сольж, жижиг сувдан чимэглэл бүхий хар торгомсог даашинз өмссөн байв.
-
Б.Бурмаа
- noyon.mn