Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг “Тэнгэрийн сахил” кинонд тоглож анх үзэгчидтэйгээ уулзаж байснаас хойш олон кино жүжигт дүрээ мөнхөлж чадсан билээ.
Өдгөө түүний амьдрал, уран бүтээл оргилж буцалж явна. Сайхан дүр бүтээж үзэгчдэдээ хүргэхийг гол зорилгоо болгож явсан жүжигчин бүсгүй хувийн амьдралаа хойш тавьж байсан гэхэд хилс үг болохгүй байх. Гэтэл сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдгийн адил тэрбээр сэтгэлдээ хүрсэн сайхан ханьтай учраад аз жаргалаар бялхан амьдарч байна. Түүнтэй уран бүтээл, амьдралын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа уншигч тантай хуваалцъя.
-Та “Элкондор” хамтлагийн “Бүсгүй минь” клипт тоглож үзэгчдэдээ танигдаж байсан. Түүнээс хойш ч олон кино клипт тоглосон байдаг. Яагаад ч юм эндээс жүжигчин Эрдэнэцэцэгийг гоё бүсгүйн дүрд их тоглуулдаг юм шиг санагддаг юм?
-Надад клипэнд тоглох санал их ирдэг. Гагцхүү тухайн клип ямар дуучны ямар дууны, юуг рекламдаж байгаа юм, ямар утга учиртай, юуг илэрхийлж байна вэ гэдгийг бодолцох ёстой. Энэ бүхэнд би сонголт хийж байж тоглодог. Гэхдээ энэ жилийн хувьд клипэнд тоглосонгүй. Дуучин Ж.Алтанцэцэг хатны тухай гоё дуу дуулах гэж байгаа намайг хатанд тоглоод өгөөч гэж санал тавьсан. Одоохондоо зураг авалт эхлээгүй байна. Ер нь уран бүтээлч хүн санал тавьсан бүхэнд тоглоод байна гэж юу байхав.
Манай Доржсамбуу найруулагч намайг 1993 онд дөнгөж сургуулиа төгсөөд театрт ирж байхад “Эрдэнэцэцэг ээ жүжигчин хүн олон тийшээ салбаганах биш, нэг л зүйлээ гаргууд сайн хийж чадвал чи жүжигчин гэсэн үг” гэж хэлж байсан нь одоо хэр нь санаанаас гардаггүй. Тийм ч учраас би драмынхаа урлагт үнэнч хэвээр явдаг. Нөгөөтэйгүүр рекламанд тоглох санал ирдэг. Гэхдээ ямар компанийн, ямар бүтээгдэхүүнийг сурталчлах вэ гэдэг маш чухал. Магадгүй зарим хүмүүс ийм рекламд тоглоод байхдаа яадаг юм гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас жүжигчин хүн өөртөө заавал цензур тавьж үнэ цэнэтэй хандах ёстой юм шиг санагддаг. Түүнээс мөнгө төгрөгөндөө чухал биш шүү дээ. Харин кинон дээр хоорондоо дүрээ ярилцаж байгаад мөнгө төгрөгөө тохиролцож болох талтай.
-Залуу насныхаа дүр зургийг үлдээсэн жүжиг, киногоо үзэхэд сайхан байдаг нь мэдээж. Гэхдээ ингэж л тоглосон бол улам гоё болох байж дээ гэсэн бодол төрөхийн сацуу омогших үе ч бишгүй байдаг биз?
-Жүжигчин болсноосоо хойш олон кино, жүжигт тоглолоо. Энэ бүхнээ харахад алдаа оноотой зүйл байлгүй яахав. Гэхдээ кино зураг нэгэнт авагдаад хальсанд буугдчихдаг болохоор эргэж засах боломжгүй. Харин тайзны урлагийн хувьд өнөөдөр алдчихлаа гэхэд маргааш алдаагаа засаад тоглож болдог. Би хоёрдугаар курсын оюутан байхдаа анхны дэлгэцийн уран бүтээл болох “Тэнгэрийн сахил” кинонд бурхан болоод биен дээрээ маанийн үсэг шивүүлж тоглож байсан. Энэ кинонд алтан үеийн болон нэртэй олон жүжигчидтэй хамт тоглосон учраас энэ киногоороо үргэлж бахархдаг. Тийм учраас тэр дүр шигээ хамаг хүч хөдөлмөр, авьяасаа шавхсан кинонд дахин тоглох юмсан гэж боддог.
Энэ кино жинхэнэ миний чадварыг шалгаж юу байгааг минь гаргаж өгч чадсан. Тийм дээ ч Францын олон улсын кино фестивалиас тусгай шагнал хүртэж Монголын нэрийг тодорхой хэмжээгээр гаргаж байлаа. Авьяас нэг хувь, 99 хувь нь хөдөлмөр байдаг гэж үг байдаг даа. Төрөлхийн авьяастай хүмүүс ч байна. Тухайлбал нэг гоё дүр аваад түүнийгээ өдөр шөнөгүй бодоод, түүндээ өөрөө шатаж ороод уусаад, сургуулилтаас сургуулилтанд сайжраад ирэх бүрд жүжигчин өөрөөрөө бахархаж бардамнадаг. Гол ба туслах дүр гэж ялгахгүйгээр өөртөө оногдсон дүрүүдийг амилуулахын тулд бүхий л уран бүтээлчид хүчээ дайчилж ажилладаг.
-“Сайхны өмнө харц буруугүй” гэдэг шиг олны танил сайхан бүсгүйг хаа нэгтээ явж байхад эргэж харах хүмүүс олон байдаг байх даа?
-Надад олны танил хүн гээд хамраа сөхөөд явах шаардлага байхгүй. Хүүхдээсээ эхлээд эмгэд хөгшид жүжигчин явж байна гээд таньдагт нь баярладаг. Хүний сэтгэлд хүрсэн дүрүүд бүтээсэн юм болов уу даа, энэ сайхан дүрүүд маань намайг олны танил болгосон. Түүнээс би хувь хүнийхээ хувьд жирийн нэг эмэгтэй, ээж гэрийн эзэгтэй. Мэдээж олон түмнээр хүрээлүүлж хайрлуулж, хүндлүүлэх шиг сайхан зүйл үгүй. Тийм учраас тэднийхээ итгэлийг алдахгүй, үүнээс илүү сайхан дүр бүтээх миний туйлын зорилго. Сайхан сэтгэлтэй, зөв бодолтой явбал хүссэн хүсээгүй олондоо хүндлэгдэнэ шүү дээ.
-Өнөөдөр хүмүүс брэнд, мод гэж ярих болж. Та хувцаслалтандаа хэр мод загвар хөөдөг вэ?
-Өнөөдөр брэнд гэж их хошуурдаг болж. Магадгүй хүний зэрэг зиндааг брэндээр тодорхойлж болох юм. Гэвч би хэт эд барааны зүйлд шунан дурладаггүй. Яагаад гэвэл хүн өөрийнхөө нүүр царай, бие галбирт тохируулаад хувцаславал тэр нь заавал брэнд байх албагүй. Зарим хүнд үнэтэй хувцас өмсч байж юм өмссөн юм шиг харагддаг байх л даа. Гэтэл хямд үнэтэй өөртөө зохисон хувцсыг цэвэрхэн өмсөөд явахад гоё л харагддаг шүү дээ. Надад үнэ цэнэтэй зүйл гэхээсээ зөв амралт, хооллолт хамгийн чухал санагддаг. Тиймээс би ядарсан үед маш сайн унтаж амардаг. Бас гарын доорхи бүтээгдэхүүн, цагаан идээгээр нүүрэндээ маск тавьдаг. Бүр ядраад ирэхээр долоо хоногт нэг удаа саунд орчиход л ядаргаа тайлагдаад сайхан болоод явчихдаг юм.
-Гоо сайхан брэнд гэснээс таны нүдний давхраа улам жавхаатай харагдаж байна?
-Баярлалаа.
-Таны хувийн амьдралыг сонирхдог хүмүүс цөөнгүй байсан. Гэтэл та хоёр дахь амьдралаа зохиогоод удаагүй байгаа. Сэтгэлдээ таарсан сайхан ханьтай учраад аз жаргалтай амьдарч байгаа гэж дуулсан?
-Эргээд бодоход олон жилийг ганцаараа, хүүтэйгээ өнгөрүүлж амьдралынхаа ихэнх хугацааг ажилдаа зориулж явсан байна. Энэ хугацаанд өөрийн бодож санаж мөрөөдөж байсан хувийн жүжиг, кино гээд бүхий л Эрдэнэцэцэгээс гарч болох бүхнийг урлаг, театртаа зориулж ирсэн. Хэрвээ хүн хайрын эрэлд ангуучлаад явбал сэтгэлдээ хүрсэн тэнгэрлэг хайрыг олж чадахгүй. Хайр гэнэт ирдэг гэдэг шиг сайхан ханьтай учирсандаа их баярладаг. Бурхан хүнд нэг л удаа боломж олгодог. Энэ бол чи бид хоёрт бурхнаас өгсөн хишиг гэж нөхөр маань ярьдаг. Магадгүй урьд насандаа хамт байгаад, одоо хойт насандаа учирч байгаа ч юм бил үү гэж ярьдаг юм. Миний хань маш их халамжтай, намайг хүүхэд шиг бөөцийлж хайрлаж бүхий л шаардлагатай хэрэгтэй зүйлийг бэлдэж өгдөг. Би айлын эзэгтэй болсноос хойш бараг дэлгүүр явахаа больсон. Миний өмсөх хувцсаас өгсүүлээд юу хэрэгтэй бүхнийг надаас илүү мэдэрч сонгож авч өгдөг. Барагтаа бол хүнсний дэлгүүрээр тор бариад яваад байхгүй, бүх хүнсээ өөрөө цуглуулж бэлддэг. Тиймээс үлдсэн цаг хугацаа насаа хань ижил, үр хүүхдэдээ зориулах нь миний үүрэг.
-Магадгүй зарим үед сайхан эхнэрээ харамлах үе гардаг байх?
-Урлагийн хүнийг ойлгоход маш хэцүү. Биднийг хувь хүний хувьд хэн бэ гэдгийг мэддэггүй сонин хэвлэлд янз бүрээр бичдэг. Тийм учраас бидний ойр дотны хүмүүс тэр дундаа уран бүтээлч хүмүүс бие биедээ урам хайрлаж явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэн нэгэнд атаа жөтөө тээж явах юм бол хэзээ ч үйлс бүтэхгүй. Зөвхөн манай нөхөр ч биш, гэр бүлийн эхнэр нөхөр хичнээн бие биесээ сайн ойлгоно, тэр хэмжээгээр амжилтанд хүрдэг жамтай. Тийм учраас энэ хэцүү мэргэжлийг ойлгож хамтдаа амьдарч, он цагийг туулж байгаа хүмүүст би маш их баярладаг. Тухайлбал нэг кино зураг авалтанд гэр орноо орхиод хэдэн сараар явах шаардлага гарна шүү дээ. Миний хувьд маш олон уран бүтээл дээр ганцаараа байхдаа ажиллаж байсан байна. Харин одоо ихэнх цаг заваа гэр бүлдээ зарцуулдаг болсон ч гэлээ театрын ажлаа хариуцлагатай хийх ёстой. Нөгөө талаар театраас гадуурх уран бүтээлийг сонгож тоглох л надад үлдээд байна даа.
-Нөхөр тань тантай танилцахаас өмнө таны тоглосон жүжгүүдийг хэр үздэг байсан бол. Миний ханийн тэр жүжиг надад таалагддаг гэдэг ч юм уу уран бүтээлийн талаар танилцсаныхаа дараа ярьж хөөрч байв уу?
-Манай нөхөр миний долоон жилийн өмнө тоглосон “Улаан сарнай” жүжгийг үзээд надад сэтгэл алдарч байсан гэж ярьдаг. Тэгээд долоон жил мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүллээ, мөрөөдлийнхөө эмэгтэйтэй хамт амьдрах болсондоо баярладаг гэж ярьдаг. Бид хоёр хэн нэгнээр зуучлуулж байгаагүй. Анх бие биесээ хараад дурласан. Ер нь хүнд хань болох хүн өөр сэтгэгдэл төрүүлдэг юм билээ. Энэ утгаар хүн өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн чагнаж сурах хэрэгтэй. Бясалгалд ч өөрийнхөө дотоод сэтгэлээ сонсч сур гэдэг. Тиймээс би зүрх сэтгэлээ л дагадаг хүн дээ.
-Олон жилийн дараа бие биесээ олсон хосуудад туулсан амьдралаасаа эхлээд олон ижил төстэй чанарууд харагдаж байгаа байлгүй дээ?
-Бид хоёрын туулсан амьдрал, амьдралд тохиолдсон жаргал зовлон, үзэл бодол адилхан. Үүгээрээ хүмүүс их “холбогддог юм билээ. Бид хоёрын хувьд гадаад үзэмжээр биш, дотоод үзэл бодлоороо санаа нийлдэг. Энэ бүх чанарууд эсрэг тэсрэг хүмүүсийн таталцлыг бий болгодог юм шиг санагддаг. Би их шүтлэгтэй болохоор хүмүүсийг бие, хэл, сэтгэл гурваараа аль болох нүгэл бага үйлдээсэй гэж боддог. Алдаагүй хүн гэж байхгүй. Амьдралд их бага хэмжээгээр алдаж онож л байдаг. Гагцхүү алдаагаа дахин давтахгүй байх нь хамгаас чухал юм. Хүн ялагдаж болно. Бас ялдаг нь ч бий. Харин ялагдлын дараа босох нь чухал гэдэг. Тийм учраас би хүүхдүүддээ үргэлж хүнд сайхан сэтгэл гаргаж чадахаараа тусалж бай гэж захидаг.
Би өөрөө ч айхтар хүнд муу санаж явж үзээгүй. Энэ нь эцэг эхээсээ авсан суурь хүмүүжил төдийгүй урлаг намайг ийм сайхан өөдрөг сэтгэлтэй болгосон. Ном зохиолоос ч амьдралд хэрэгтэй мэдээлэл авдаг. Тийм учраас хүүхдүүддээ ном сайн унш гэж хэлдэг. Гэхдээ одооны хүүхдүүд ном уншихаа больж дээ. Би сүүлийн үед гарч байгаа сонирхолтой шинэ номноос худалдаж авах дуртай. Ялангуяа зохиолч Шүүдэрцэцэгтэй найз болохоор тэр юмуу, түүний бүх номыг авч уншдаг.
-Хүүхдүүд тань багаасаа өөр орчинд өссөн болохоор үзэл бодол нийлэхгүй, эсвэл муудалцах таарахгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Манай хоёр хүүхэд маш эвтэй. Ах нь ах шиг, дүү нь дүү шиг байдаг. Одоо хүү маань 17, охин маань 13 настай. Хэн буруутай нь түрүүлж буруугаа хүлээдэг тийм зарчмыг манай гэр бүл баримталдаг.
-Хүүхдүүд тань том болцгоолоо. Луу жилд хүүхэд төрүүлье гэсэн гэр бүлийн төлөвлөгөө байгаа юу?
-Тийм бодол байгаа.
-Жүжигчин бүсгүйг анх хадмын босго алхахад хадмууд тань хэрхэн угтаж авсан бол. Эсвэл жүжгийн тань дүрээр таньдаг байсан уу?
-Манай хадам ээжийн ээж 86 настай хөгшин бий. Бид Дорнод аймагт очиж золгож байсан. Хүүхэд хөгшин хүн хоёр хүнийг их таньдаг гэж ярьдаг. Түүн шиг манай хадмууд надад их сайн, хөгшин залуугүй хүндэлдэг. Тийм учраас настан буурлуудынхаа буяныг зах зухаас нь мэдэрч явна.
-Та зангидсан гap шиг хэдэн дотно найзтай гэж ярьдаг. Найз нөхдийн хүрээллээ ямар шалгуураар бүрдүүлдэг вэ?
-Би гарын арван хуруунд багтах хэдэн найзтай. Миний зүрх сэтгэлийг ойлгож, жаргахад хамт жаргаж, гунихад хамт гуньж, халтирахад хамт халтирч, бахархаж омогшиж явахад хамт омогшиж явдаг хэдэн найзтай.
-Уламжлал болсон асуулт тавья. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?
-Манай театр олон сайхан жүжиг шинээр тавьсан. Түүний нэг болох “Оролмаа” жүжигт тоглосон. Мөн театрын 80 жилийн ойгоор тавигдсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн монгол хатны дүрд давхар дублороор ажиллалаа. Ер нь театрт тавигдаж буй ихэнх уран бүтээлд тоглож үзэгчдэдээ ур чадвараа харуулах юмсан гэж боддог. Удахгүй манай найз Шүүдэрцэцэгийн “Домогт ану хатан” жүжиг маш том хэмжээний уран сайхны кино болно. Тиймээс энэ кинонд тоглоно. Цаашдаа кино хийх хүсэлтэй байгаа. Нөхцөл бүрдэнэ гэдэг шиг нөхцөл бүрдсэн цагт аливаа бүтээл амжилттай болдог учраас нэг сайхан дэлгэцийн уран бүтээл хийнэ гэж бодож байгаа.
Б.Нэргүй