Xүн гэдэг эцэг эхээ сонгож төрдөггүйн адил бусдаас өөр болж төрнө гэдэг хүсээд байх тавилан биш. Магадгүй түүнийг ойлгох хүн цөөхөн байж болох ч саяд нэг тохиолдох, бусдаас өөр төрсөн тэрээр хувь тавилангаа дагаж бус, сөрж амьдарч яваа. Мэргэжлийн хэллэгээр “бэлгийн цөөнхи”, хүмүүсийн хэлдэгээр бол “гомо” нэрээр өдгөө 60 настай ч наснаасаа залуу харагдаж чаддаг тэр хүн бол Гамбууш.
Тэрээр удахгүй Тайвань улсруу хүйс солилуулах хагалгаанд явах гэж байгаа аж. Явахаасаа өмнө зүгээр суусангүй рок попын их айлд шинээр төрөн гарч буй нэгэн залуу хамтлагийн клипэнд дүрээ үлдээсэн гэнэ лээ. Энэхүү клипны шүлгийг “бэлгийн цөөнхи” гомо залуу болох Жанраа бичсэн бол аяыг нь та бидний сайн таних дуучин Чулуунхүүгийн охин, ая зохиогч Мөнхжаргал зохиосон гэнэ. “Бусдын дурласан зүрхэнд бүү дурла” нэртэй уг дуу клиптэйгээ тун удахгүй үзэгчдэд хүрэх юм байна. Гамбуушийн тухай хийгдэх кино ч энэ онд багтан гарна гэж товлоод байгаа. Тэгэхээр стриптизийн бүжигчин Гамбууш кино, клипэнд ийнхүү хүч сорихнээ. Ямартаа ч элдвээр хэлүүлж байдаг Гамбуушийн тоглосон клип үзэгчдэд хүрсний дараа л хэрхэн тоглосныг харах үлдлээ. Гэхдээ клипэнд тоглох саналыг тус хамтлагийн залуус өөрсдөө гаргасан аж. Сониуч нэгний шинэ клипний тухай асуултад тэрээр “Энэ залуучууд намайг гээд л ирсэн. Би ч зөвшөөрсөн. Яагаад болохгүй гэж нэг нэгнээ дэмжиж амьдрах сайхан шүү дээ. Надад клипэнд тоглох сайхан санагдсан бас ч болоогүй бага гэхгүй хэдэн төгрөг өглөө. Энэ мөнгөө бас зардалдаа нэмэрлэе. Намайг хүмүүс элдвээр хэлж байдаг ч өөрсдөө хэрэгт дурлаж миний тухай ярина гэдэг чинь олны анхааралд байна л гэсэн үг. Би чинь бас од шүү” хэмээн хэнэг ч үгүй хэлээд “Над дээр “дөрөөлж” гарч ирэх гэж байгаа юм шиг байна лээ” хэмээн тоомжиргүй хариулт өгсөн гэнэ.
Н.Асралт NUUTS.mn