ЛОНДОН. /РОЙТЕРС/. Охидын эрхийн төлөө кампанит ажил өрнүүлэгч 16 настай Малала Юсафзай охины бичсэн номыг Пакистаны 40 мянган сургуульд хориглолоо гэж Пакистаны бүх хувийн сургуулийг удирдах холбоо мэдэгдлээ.
Пакистанаас илүүтэйгээр Өрнөдийн хандлагыг Малала сурталчлахын сацуу номондоо тусгасан гэсэн үндэслэлээр уг номыг сургуулиудад ашиглахыг хоригложээ.
Малала Юсафзай нь 2009 онд Өрнөдийн улсуудад өдрийн тэмдэглэлээ хэвлүүлснээр дэлхий дахинд танигдсан юм.
Өөрийг нь болон Сватын хөндийн бусад охидыг сургуульд сурахыг хэрхэн хориглож байсан тухай уг номондоо Малала бичсэн байна.
Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард сургуулийнхаа автобусанд явж байгаад тэрбээр толгойн тус газраа буудуулсан. Уг халдлагыг Пакистаны “Техрик-и-Талибан” бүлэглэл үйлдсэн юм.
Үүний улмаас Малала охин нэлээд хэдэн хагалгаанд орж байсан билээ. Харин одоо тэрбээр Британид гэр бүлийнхэнтэйгээ амьдарч, хүний эрхийн төлөө тэмцэх кампани ажлаа өрнүүлсээр байна. “Хүүхдийн эрхийн төлөө шагнал”, “Хүүхдийн энх тайвны шагнал” болон Европын Парламентын Сахаровын нэрэмжит хүний эрхийн төлөө шагнал” зэрэг шагналыг Малала хүртсэн юм.
Г.Доржханд МОНЦАМЭ