Бүсгүйчүүд бүр балар эрт үеэс л гоо сайхны хэрэгслээ өөрсдөө бэлтгэн нүүрээ будаж, үнэртэн түрхдэг байжээ. Гэхдээ гоо сайхны салбарт чухамхүү 20 дугаар зуунд л жинхэнэ ёсоор нээлтүүд хийсэн гэж үздэг. Жишээлбэл, савтай уруулын будаг дөнгөж 1915 онд худалдаанд гарчээ. Үүнийг «Guerlain» компанийн гоо сайханчид бүтээсэн байна. Харин бүсгүйчүүдийн байнгын хэрэглээ болсон сормуусны будаг, үсний будаг хэрхэн бий болсныг сонирхуулья.
Савтай уруулын будаг
Уруулын будаг дэлхийд хамгийн түгээмэл гоо сайхны хэрэгсэл болоод олон арван жил болж байна. Эртний Египетийн хүүхнүүд уруулын будагнаас салдаггүй байсан бөгөөд сүүлчийн замдаа одох үедээ ч будгаа авч явдаг байсан байна.
Дундад зууны үед Европт уруулын будаг хэрэглэхийг зөвхөн эрэгтэйчүүдэд зөвшөөрдөг байжээ. Тэр ч байтугай Английн парламент гоо сайхны хэрэгслийн эсрэг хууль гаргаж байсан байна. Тэр хууль ёсоор хэрэв эхнэр нь үнэн хэрэгтээ сүй тавьж байсан үеийнх шигээ тийм гоо үзэсгэлэнтэй биш болох нь хуримаа хийсний дараа мэдэгдвэл эхнэрээсээ салж болно гэж эрэгтэйчүүдэд зөвшөөрчээ.
Уруулын будаг 20 дугаар зууны эхээр “дахин төрж”, 1915 онд «GUERLAIN» компани ганган бүсгүйчүүдийн гол хэрэгсэл болох савтай уруулын будгийг бүтээсэн байна. 1949 онд америкчууд уруулын будгийг эргэдээд оруулчихдаг сав бүтээснээс хойш “уруулын будгийн эрин” эхэлжээ. Түүнээс хойш олон зуун төрлийн, янз бүрийн өнгөтэй уруулын будаг манай гарагийн эмэгтэй хүн бүрийн хэрглээ болсон билээ.
Үсний будаг
Олон зууны туршид эмэгтэйчүүд байгалийн боловч өнгөний сонголтоор дутмаг бодисуудаар үсээ будаж иржээ. Элдэв янзын жор хэрэглэн шар үстэй болох гэсэн оролдлого эмгэнэлтэйгээр төгсөх нь олонтаа тохиолддог байв. Түүгээр ч барахгүй үс бүрэн халзран унах нь тэдний хувьд аймшигтай зүйл биш байжээ.
Харин дөнгөж 20 дугаар зуунд Эжен Шуэллер толгойгоо золиослохгүйгээр үсээ будах бололцоог бүсгүйчүүдэд олгосон байна. Тэрбээр Сент-Круагийн коллежийн сурагчид болон багш нарын дуртай талхны ачаар химич болжээ. Уг коллежийнхон Эжений эцэг, эхийнх нь ажиллуулдаг байсан нарийн боовны мухлагаас багсаргатай талх захиалдаг байсан учир Эженийг коллеждоо үнэ төлбөргүй суралцуулжээ.
Харин Эжин эцэг, эхийнхээ ажлыг үргэлжлүүлэхгүйгээр химич болохоор шийджээ. Энэ мэргэжлийг эзэмших зам нь шулуун дардан байсангүй. Эцэг, эх нь хоосорч жижигхэн хотод шилжин иржээ. Тэнд Эжен нарийн боов хүргэгчээр ажилладаг байв. Тэрбээр оройн цагаар байшингийнхаа арын бяцхан саравчинд элдэв төрлийн химийн бодисыг хооронд нь холин бяцхан туршилтуудаа хийдэг байжээ. Харин 1900 онд Парисын Химийн дээд сургуульд элсэж, сургуулиа төгсөөд Сорбоннд туслах лаборант болсон байна.
Эжен маш хөөрхөн бүсгүйтэй гэрлэж, эхнэр нь нөхөртөө ямагт дур булаам сайхан харагдахын тулд ихэнх цагаа гадаад төрхөө гоё байлгахад зарцуулдаг байжээ. Нэг удаа Эжен гэртээ ирээд хайрт эхнэр нь уйлсан байхыг харж гэнэ. Тэрбээр эхнэрээ удтал тайвшруулж чадсангүй. Учир нь эхнэрийнх нь хувьд уйлсны шалтгаан маш ноцтой байжээ. Үсчинд орсон чинь үс нь өнгөгүй, хатуу сүрэл шиг муухай болчихож гэнэ. Бүсгүй цайвар буржгар үстэй болно гэж бодсон юмсанж! Эжен эхнэртээ түүнийг зовлонгоос нь ангижруулах арга заавал олно гэж амлажээ. Тэрбээр Францын төв эмийн сангийн лабораторид ажилд орсон байна. Тэгээд удалгүй эхнэртээ гайхамшигт бэлгийг барьсан байна.
Үүнээс хойш арав гаруй жил өнгөрөхөд дэлхийн эмэгтэйчүүд Эжений бүтээлгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй болжээ. Үсний синтетик будаг хэмнэлттэй, өнгөний сонголт өргөнтэй бас хэрэглэхэд маш хялбарт тооцогддог.
Эмчилгээний гоо сайхны хэрэсэл
Гоо сайхны эзэнт улс гэгддэг «Estee Lаuder» компанийг үүсгэн байгуулагч Жозефина Эстер Ментцер цагаач гэр бүлд төрсөн бөгөөд хувийн бизнес эрхлэх талаар эртнээс мөрөөдөж байжээ. Химич мэргэжилтэй авга ах нь дайнаас буцаж ирмэгцээ гэрийнхээ арын саравчинд лаборатори байгуулж, тэнд Эсте олон цагаар янз бүрийн гуурстай ноцолддог байлаа. Тэрбээр бүсгүйчүүдийн залуу насыг уртасгах хэрэгсэл бүтээнэ гэдэгтээ үнэхээр итгэлтэй байв.
Эсте шөнийн цагаар авга ахынхаа жижигхэн гал зууханд “шидэт тос чанаж», өдөр нь түүнийгээ ойролцоох гоо сайхны газар болон хувь хүмүүст худалддаг байжээ. Түүний бүтээгдэхүүнүүдийн чанар ч улам сайжирч, худалдан авагчдын тоо ч нэмэгдэж эхэлсэн байна.
Эстегийн нэгэн байнгын үйлчлүүлэгчийн зарц майонезтай андууран салатанд нүүрсний тос хийгээд хутгачихжээ. Гэвч ямар ч аймшигтай юм болсонгүй. Эсте бүтээгдэхүүн нь аюулгүй байсанд баярлан инээж байсан гэдэг. «Estee Lаuder» нэрийн бүтээгдэхүүн гарган авсан өдрийг Эсте Лаудер нөхрийнхөө хамт «Estee Lauder inc» гэдэг пүүсийг бүртгүүлсэн 1946 он гэж үздэг ажээ.
Арван жилийн дараа гэхэд «Estee Lаuder» компанийн бүтээгдэхүүнүүд Америкийн гоо сайхны хэрэгсэл, үнэртний зах зээлийн 45 хувийг эзлэх болжээ. 1970 онд «Estee Lаuder» компани үрчлээний эсрэг гоо сайхны иж бүрэн бүтээгдэхүүнийг анх удаа дэлхий дахинд танилцуулсан байна.
Сормуусны будаг
Эртний Грекийн эмэгтэйчүүд болоод Ромын баян хүүхнүүд хөө, уураг, хар тугалга, шоргоолжны өндөгний хольцоор будаг хийн сормуусаа урт, хар өнгөтэй болгохыг оролддог байжээ. Одоо бүсгүйчүүдийн байнга хэрэглэх болсон сормуусны будгийг бүтээгээд 100 жил ч өнгөрөөгүй байна. Түүнийг Америкийн иргэн Том Уильямсон хайртай эмэгтэй дүүдээ зориулан бүтээжээ. Мейбел гадаад төрхийг нь улам үзэсгэлэнтэй, хэн бүхний харааг булаахуйц болгох ямар нэгэн юм бодож олохыг ахаасаа хүссэн байна. Бүсгүй хөршдөө дурлачихсан, хөрш нь түүнийг анзаардаггүй байж л дээ.
Уильямсон нүүрсний тосыг вазелинтай холиод түүнийг сормуусандаа түрх гэж дүүдээ өгчээ. Удалгүй хөрш нь үнэхээр бүсгүйг анхааран харах болж, сормуусаа аятайхан буддаг болсон Мейбел жилийн дараа хөрштэйгөө гэрлэхээр сүмд очсон гэдэг. Харин Том гоёлын гоо сайхны хэрэгсэл үйлдвэрлэх пүүс байгуулжээ.
Үс хатаагч сэнс
Нэг удаа Английн зохион бүтээгч Герман Холлиуэлл ажлаа тараад гэртээ иртэл эхнэр нь толгойгоо пийшингийн ам руу хийчихсэн мэт харагдаж гэнэ. Харин эхнэр нь зүгээр л үсээ хатааж байж. Холлиуэлл маргааш нь гэхэд зохион бүтээх товчооны удирдлагадаа үсний сэнс бүтээх санал тавьжээ. Хаврын улиралд Силлезийн уулсаас хөндий тийш үлээдэг халуун салхины нэрээр Фен гэж нэрлэсэн үс хатаах анхны сэнсний патентыг тэрбээр 1903 онд авчээ.
Фен сэнс нь яг л цэцэг усалдаг услуур шиг хэлбэртэй байв. Цельсийн 90 орчим хэмийн халуунаар үлээдэг учраас үсийг шатааж магадгүй тул холоос үлээлгэдэг байжээ. Энэ сэнс нь 2 гаруй кг жинтэй бас дээр нь асар өндөр үнэтэй байсан ч үсчний газрууд болон хувь хүмүүс маш олноор нь худалдан авах болсон байна.
Д.Жаргал