Уная гэвэл Бенз, уралдая гэвэл BMW гэдэг шиг нэг үеэ бодвол хэний ч хүүгийн нүдийг унагаж, харааг булаах тансаг чамин загварын автомашинууд Улаанбаатар хотын гудамжаар олноороо хөлхөлдөх болжээ. Монголд хүлгийн сайныг эдэлж, хүний сайнтай нөхөрлөх хийморьлог залуус улам олон болох болтугай. Энэ удаад алтан шаргал өнгийн BMW Х5-ын эзэн Э.Өлзийтэй уулзлаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу? Та хаана ажиллаж, амьдардаг вэ?
-Намайг Э. Өлзий гэдэг. Би “Тэгш ертөнц” төрийн бус байгууллагад ажилладаг. Сансарт “Нисора таур”-т амьдардаг.
-Таны хүлэглэсэн автомашины өнгө, загвар нь өвөрмөц юм. Сонирхож болох уу?
-Миний машин 2009 онд орж ирсэн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, BMW Х5 маркийн машин байгаа юм.
-Туулах чадварын хувьд ямар вэ?
-Герман машинууд ер нь их чанартай унахад их сайхан тохь тухтай байдаг. Түшигтэй унаа юм. Хөдөө хээрийн замд л жаахан бартаа мэдрээд байдгаас биш өөр асуудалгүй. Хоёртой обудтай болохоор бартаа их мэдэрдэг юм. Мотор ч сайн л даа, 3.00 мотортой.
-Бензин хэр иддэг вэ, хурд хүчний хувьд ямар бол?
-Хурд нь 100 км-т 250 милл хүрдэг. А-92-ийг хэрэглэнэ. 100-д 20 литрийг иднэ ээ. Би Багануурын зам дээр энэ машинтайгаа 190 милл хүргэж байсан.
-Монголд бас цөө-гүй хэдэн BMW Х5 байдаг байх аа. Таны машин бусдаасаа юугаараа ялгардаг вэ?
-Минийх шиг өнгөтэй нь Монголд байхгүй л дээ. Алтан шаргал өнгөтэй гоё содон байгаа биз дээ.
-Та өөр ямар автомашин сонирхдог вэ. Танд өөр автомашин бий юу?
-Өнөөдөр нэг “Лексус 470″ авч байна. Нодлин зун нэг спорт машин сонирхоод “Чайзер” авсан. Дээвэр нь онгойдог “Бенз”-тэй байлаа, “Ландкруйзер 100″, “Бух Бенз”, бандгар гээд л… Гэхдээ би Герман машин л илүү сонирхдог.
-Тэр дундаас тэгээд хамгийн гоё нь аль нь байв даа?
-Зун бол мэдээж спорт машин, тав тухаа бодвол. Герман тэрэг л зүгээр шүү.
-Энэ шаргал Х5-аа хэдээр авсан ?
-33 мянган ам.доллараар авсан Монголдоо нэг ах хүүгээс авч байсан.
-Х5-ын Монгол дох зах зээлийн бодит ханш нь хэд вэ?
-Манай эгч түрүүхэн “Наран”-гаас Х5 автомашин 78 мянган ам.доллараар авсан гэсэн. Ер нь тэр багцаанд л байгаа байхдаа.
О.Ууганжаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”