Гэрийн онгоныг таньдаг байж болох ч гэрийн эзэгтэй, цэцэрлэгчийн гэргийг та таних уу? Тэр бол уншихаараа нэг болсон эзэгтэй. Олон шүлэг цээжээр мэднэ, өөрөө ч шүлэг адтай түргэн зохионо. Толгой сүүл холбох нь, түүний нэрлэдгээр “үг холбохуй” нь түүнд тун ч түвэггүй бүтдэг ажил байв. Тийм ээ, тэр эмэгтэй зохиолч, уран илтгэгчийн авъяастай. Тэрээр санваартан, наад зах нь санваартаны гэргий байхсан билээ. Ням гаригийн өмсгөлтэй байгаль дэлхий ямар сайхан харагднам бэ? гэж тэрээр хэлээд энэ санаагаа “үг холбохуйгоор” гоё, уран шүлэгт баринтаглах гэж адгав. Цэцэрлэгчийн зээ хүү, тэдний зочин, тусгай сургууль дүүргэсэн оюутан, Исгэлүүн гуай /ийм нэртэй байдаг нь ч юу вэ дээ/ эзэгтэйн шүлгийг сонсоод маш сайн, онц сайн гэж шагшин магтжээ. Эзэгтэй танд ёстой л суу билэг заяажээ гэж тэрээр нэмж хэлэв.
Ямар балай юм бэ? Түүний тархи толгойд тийм санаа бодол бүү шивэгтүн, бүсгүй хүмүн юуны урьд гаднахь байдлаа, гоёж гоодохоо л эрхэмлэвэл зохино, түүний ажил үйл бол хоовон тогоонд агшааж буй будаагаа л дээшээ нь дэврүүлж, доороос нь түлчихгүй шиг харж байх л юм шүү дээ гэж цэцэрлэгч хэлэв.
Түлэнхий хумсыг хусны нүүрсээр би түвэггүйхэн цэвэрлэчихнэ. Түйтгэрт чиний сэтгэлийн хагийг ганцхан үнсээд л арилгачихна. Байцаа, төмс хоёроор л бахь байдаг энэ биеэ зогоодог гэж чи боддог уу? Чи бас цэцэгт дурладаг шүү дээ, гэж гэргий нь хариу өчөөд түүнийг үнсэж үлгэв. Цэцэг гэдэг чинь яруу найраг юм шүү! гэж нэмж хэлэв.
Наад будаагаа л харж бай! гэж цэцэрлэгч давтан хэлээд цэцэрлэг рүүгээ явав. Тэрээр бас харж байх ёстой өөрийн гэсэн агшааж буй будаатай ажээ. Тусгай сургуулийн оюутан, эзэгтэй сууж үлдэв. Байгаль дэлхий ямар сайхан харагднам бэ гэж эзэгтэйн хэлсэн үгийг тэрээр оюун ухаандаа бүхэл бүтэн номлол болгон өрнүүлэв.
Байгаль дэлхий гоё сайхан юм. Байгаль дэлхийг уламжлуулан өгч байгтун! гэж эзэн тэнгэр айлджээ. Тэгээд хүмүүн зон байгаль дэлхийн эзэн болжээ. Үүнийг нэг нь өөрийн оюун билгийн ачаар олж авдаг бол, нөгөө нь махан бодоороо олж авна. Нэг нь ертөнц дээр асуулт – анхаарлын тэмдэг болж ирдэг бол, нөгөө нь гурван цэг болж ирнэ. Тэгээд би бээр ертөнц ямар утга учиртай ирсэн юм бэ? гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асуухад хүрдэг ажээ. Нэг нь хамба болдог, нөгөө нь ядуу оюутан байдаг авч ертөнц дээр бүгд адилхан оюун билэгтэй заяагддаг ажээ. Дэлхийн байгаль гоё сайхан агаад ямагт ёслолын хувцастай байдаг ажээ. Хатагтай, энэ шүлэг оюун бодлыг яасан аугаа лут сэрээнэм бэ, энэ шүлэг газарзүйн мэдрэмж, мэдлэгээр бялхам дүүрэн юмаа.
-Танд ч бас адилхан суу билиг заяажээ. Би тантай ярьж суухдаа л өөрийгөө илүү сайн ойлгож эхэллээ, үнэн шүү гэж эзэгтэй онцлон хэлэв. Тэгээд тэд тэр л гоё, хөөрч хөгжсөн сэтгэлээр яриагаа үргэлжлүүлж байлаа. Тэгтэл бас гал тогоонд хэн нэгэн яриад байсан нь гэрийн онгон аж. Гэрийн онгон саарал жанч нөмөрч, улаан тоорцог тавьжээ. Та ч бас түүнийг таньдаг шүү дээ. Тэрээр гал тогоонд тогоо, шанага бүртгэн харж байв. Тэр бас ярьж байлаа. Гэвч, түүний яриаг эзэгтэй нь “цөцгий шомбодогч” алдар өргөмжилсөн, том хар муур л ганцаараа сонсож байв.
Харин тэр онгон гэрийн эзэгтэйг харахдаа уур нь хүрдэг байжээ. Учир нь эзэгтэй түүний байдагт итгэдэггүй аж. Үнэхээр ч эзэгтэй түүнийг хэзээ ч үзэж хараагүй юмсанжээ. Уул нь эзэтэй гэрийн онгон байдаг, түүнд зохих анхаарал хандуулах ёстойг мэдэх хэмжээнд гэгээрсэн хүмүүн байлтай. Мэндэлсний баярын үдэш гэрийн онгонд ядаж ганц цөгц агшаасан будаа өргөчих ухаан түүний толгойд орж ирдэггүй нь харамсалтай хэрэг. Гэтэл тэр цөгцхөн агшаамлыг, гэрийн онгоны дээдчүүл бүгд л ямар ч эрдэм номгүй эзэгтэй нараасаа авсаар иржээ.
Тэгээд бас тэр агшаамал нь ямар гээч, тэр бол бөөн шар тос, цөгийтэй агшаасан будаа байдаг байсан гээд бод доо. Цөцгий гэж дурсах төдийхөнд л муурын шүлс асгарч байв.
-Эзэгтэй намайг “ухагдахуун” төдийгөөр л нэрлэдэг юм, гэж гэрийн онгон хэлэв. За тэгвэл энэ бол миний мэддэг бүх л ухагдахуунаас өндөр дээд зүйл юм. Тэрээр миний оршин байгааг шууд л үгүйсгэдэг. Би түүний яриаг урьд нэг удаа чагнасан юм. Одоо дахиад нэг чагнамаар байна. Үгүй ерөө, одоо тэр тэнд нөгөө тусгай сургуулийн оюутантай хамт суучихаад шивэр авир хийж байхыг нь хар аа. Тэгвэл, би түүнд “Наад агшаан буй будаагаа л сайн харж бай” гэсэн эзний үгийг давтан хэлсү. Гэвч энэ тухай бодох санах юм түүнд даан ч алга. Байзаарай! Одоохон би будааг нь буцалгаад сагуулчихъя гээд гэрийн онгон гал үлээв. Фүү, түлээ час час дуугараад гал дүрэлзэв. Агшааж буй будаа хоовон тогооны амсар даван халив. Одоо би бас явж, гэрийн эзний оймсны цоорхойг томсгодог хэрэг ээ, өсгий өлмийд нь том том цоорхой гаргая. Эзэгтэй хэрвээ толгой сүүл холбох ажлаасаа цаг зав гарвал оймс цоолдож ажилтай болог. Хатагтай, эмэгтэй яруу найрагч гуай эр нөхрийнхөө оймсыг л эрхэм сайн цоолдож байгтун, гэжтэрээр хэлэв. Муур энэ үгэнд хариу болгож найтаав.
Тэр хэдийгээр үстэй дээлтэй ч салхи авчээ.-Би агуулахын хаалгыг нээж үзлээ. Тэнд буцалгаж болгоод загсааж тавьсан, өтгөн сайхан цөцгий байна. Ганц хужир чи долоомоор байна уу? үгүй бол би долооё, гэж гэрийн онгон бас хэлэв.
-Чи зүгээр бай, би хийхийг ч хийнэ, хэргээ ч хүлээнэ. Би долооно, гэж муур шийдмэг хариулав.
-Хэлээ нэг баярлуулж, хэрзгэрээ нэг уруулж дээ, чи! Одоо би тусгай сургуультын өрөөнд орж, татуурга тэлээг нь толин дээр тохож, хос оймсыг нь устай угаалгын төмпөнд дүрье. Тэгээд тэрээр халаасан дарс хэтэрч толгойд гарснаас олоод л би будилан тарьж дээ, гэж бодох болно. Урд шөнө би нохойн хорооны дэргэдэх түлээн дээр суув. Би уяатай нохойг гоочлохсон гэж хорхой хүрээд хоёр хөлөөрөө баахан тийчигнэв. Нохой яаж ч цовхроод хөлд хүрдэггүй, уур нь хүрээд бүр хуцаж боргож гарав. Тэгэх тутам нь би хоёр хөлөө солбиж хөдөлгөөд байлаа. Чухам чимээ шуугиан гэгч дэгдэх нь тэр.
Тусгай сургуульт оюутан тэр чимээ шуугианаар сэржээ. Ор дэвсгэрээсээ гурвантаа босч цонхоор харсан боловч намайг олж харсангүй. Азаар тэр нүдний шилтэй байв. Тэр ямагт нүдний шилтэй унтдаг гэж гэрийн онгон хэлэв.
-Эзэгтэйг хүрч ирэхүйд чи чимээ өгөөрэй, би сонсохгүй шүү. Өнөөдөр миний хоёр чих дүлийрээд байна гэж муур хэлэв. Чиний хэл л өвдмөөр юм. Долоогоод бай, долоогоод бай. Тэгээд чи мөдхөн эрүүл болно. Харин наад ам хамраа л сайн арчаарай даа. Эс тэгвэл урт живрээс чинь цөгий дусалж байх вий.
-За одоо би яаж чагналаа гээд гэрийн онгоныг хаалга руу мяраан очихуйд хаалга завсартай байв. Өрөөнд эзэгтэй, тусгай сургуульт оюутан хоёроос өөр хэн ч байсангүй. Тусгай сургуульт оюутан “яруу найргийн суу билиг” гэсэн гоё нэр өгөөд түүнийгээ аливаа айл гэрийн ямар ч тогоо, ямарч агшаасан будаанаас дээгүүр тавьсан тухайгаа ярьж суулаа. Исгэлүүн гуай! гэж эзэгтэй яриа өдөөд, би одоо энэ завшааныг ашиглан чамд нэг ч амьд хүмүүнд, ялангуяа хар хүндээ ч үзүүлээгүй нэг тийм юм… Бяцхан шүлгүүдээ үзүүлмээр байна. Бас ч зарим нь уртавтар шүү. Би энэ шүлгүүддээ “Данийн ёс төрт охины холбоо үгс” гэсэн нэр өгөөд байгаа юм
. Би ер нь хуучны үгэнд дуртайг чи ч мэднэ дээ гэв. Тэр чинь зөв байна. Герман хэлний үгсийг дани хэлнээс бүрмөсөн хөөн гаргах хэрэгтэй гэж тусгай сургуульт оюутан хэлэв. Би ч бас тэгж бодоод л хийж байгаа минь энэ л дээ. Би хэзээ ч “бутерброд” эсвэл “фефферкүкэн” гэж ярьдаггүй, ямагт “тостой талх”, “хөөмөл мөөхий” л гэж ярьдаг юм гээд эзэгтэй ширээний шургуулганаас дээр нь буй бэхийн хоёр толбо ганган харагдах, шар ногоон гадартай дэвтэр гаргаж ирэв. Тэгээд: Энэ жижиг дэвтэрт маш их ноцтой юм бий. Би голдуу уйтгартай юманд илүү татагддаг юм. Үүнийг хар даа. “Шөнийн санаа алдалт”, “Миний үдшийн гэгээ”, за бас үүнийг хар. “Явж явж би чинийхээ л хонгор шүү… Холбосон минь” энэ шүлгийг би хар хүндээ зориулсан ч үнэн сэтгэлээсээ, их бодож зохиосон болохоор түүнийг одоо уншихгүй өнгөрч болно. Үүнийг хар даа, “Гэрийн эзэгтэйн үүрэг”. Энэ бол хамгийн сайн шүлэг минь байгаа юм. Гэхдээ ялгаагүй бүгд уйтгартай л даа. Үүнд л миний хүч чадал оршном. Энд наргиж тоглосон, санаатай нэг шүлэг байгаа. Би энэ шүлэгт өөрийн хамаг хөгжилтэй оюун бодлыг юүлсэн. Энэ бол… тухай, ухаандаа хүмүүнийг дайрсан санаатай шүлэг юм.
-За, чи намайг битгий шоолж инээгээд бай. Эд бол эмэгтэй найрагчийн байгаа байдлыг харуулсан санаа бодол. Энэ бүгдийг одоо болтол зөвхөн миний бие, миний шургуулга хоёр л мэдэж байсан. Харин, одоо чи мэдлээ. Би яруу найрагт дуртай болохоор надад ямагт яруу найргийн урам орж байдаг. Тийм мөч ирэх үед би бүр өөрийгөө ч мэдэхээ больдог юм. Энэ тухай би “Гэрийн онгоны хугархай” дотор сайн гаргаж хэлсэн. Гэр дотор мөнхөд дүрсгүйтэж байдаг гэрийн онгоны тухай ардын хууч домог яриаг чи мэддэг биз дээ? Тэгээд би энд өөрийгөө гэр орноор, харин яруу найраг, намайг ямагт догдлуулан яруу найргийн урмыг гэрийн онгоноор дүрслэн үзүүлсэн юм. Би “Гэрийн онгоны хугархайн” хүч чадалтай агаад аугааг нь магтан дуулсан юм. Гэвч би энэ тухай миний хар хүнд болон ерөөс хэн хүмүүнд хэзээ ч үг алдахгүй байхаа надад амлах ёстой. Чи үүнийг чанга уншигтун. Миний бичгийн хэвийг таньж буй эсэхийг чинь мэдмээр байна гэв. Тусгай сургуульт оюутныг уншихад, гэрийн эзэгтэй сонсож, бас гэрийн онгон ч чагнаж байв. Тэрээр чагнахаар гарч явсныг түрүүнд дурдсан. Тэр “Гэрийн онгоны хугархайн” гарчгийг унших яг тэр хоромд хүрч очсон байлаа. Тэгээд:
-Аан, миний тухай яриа болж байна. эзэгтэй намайг юу гэж бичсэн байдаг юм бол? Гайгүй, би чамайг хашраагаад өгнө өө! Чамаас өндөг, дэгдээхийг чинь хулгайлж, тугалыг чинь тураагаад өгөмз, хатагтай бяцхан эзэгтэй та үзэх болно гайгүй! Зай тэгээд та цааш нь унш л даа гээд чих тавин чагнана. Гэрийн онгон аугаа бөгөөд хүч чадалтай, гэрийн эзэгтэйг ямагт эрхэндээ байлгадаг гэснийг олж сонсоод эзэгтэй өөрийг нь яруу найргийн урмаар харсан байна гэж гэрийн онгон бодов. Тэр бүхнийг нэг бүрчлэн сонсож ойлгоод царайд нь инээмсэглэл тодорч, сэтгэл ханасан байртай нүд нь гялалзан, уруулаа төв байдлаар жимийн, өөрийн эрхгүй өлмий дээрээ босч, бүтэн сөөм өндөр болов. Ийнхүү “Гэрийн онгоны хугархай” дотор өгүүлсэн бүхэнд түүний сэтгэл их хөөрчээ. Би түүнд айхтар муухай шударга бус хандаж байжээ. Тэрээр намайг “Холбоо үгстээ” багтааж. Тэр шүлгийг лав хэвлэн нийтэлж, олон нийтэд уншуулж таарна. Одоо муур, эзэгтэйн цөцгийг долоож бүрэн болно. Би ч бас тэр цөцгийг долоож байх болном. Нэг нь хоёроос бага ууна, энэ бол хямгадахуйн ухаан. Одоо би хямгадахуйн ухааныг баримталж, гэрийн эзэгтэйг бишрэн хүндэтгэдэг болмуй гэв.”Түүнд хүмүүний авир араншин хэчнээн ч их юм бэ дээ” гэж муур бодов.
Гэрийн эзэгтэй ч түүнд үгээ зулгуйдангуй хэлдэг болж, бас гэрийн онгон ч одоо түүнтэй өөр маягаар дуугарч харилцдаг болжээ. Гэрийн эзэгтэй ч зальтай золиг юм даа. Гэтэл тэр огт зальгүй байж. Зальтай нь харин гэрийн онгон л байж. Түүнд хүмүүний авир араншин олон баймуй. Хэрвээ та энэ түүхийг ойлгохгүй байвал тайлбарлаж өгөхийг гэрийн онгон, гэрийн эзэгтэй аль алинаас нь л гуйх болж дээ.
Орчуулсан Хурлагууд Чүлтэмийн ДОНДОГ