Монголын загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт ур чадвар, гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар байгаа. Харин эрэгтэй моделиудын хувьд олон улсын тавцанд гарсан нь тийм ч олон биш байдаг. Олон улсын супер модель Б.Билгүйтэй хэмээх залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж өнгөрсөн жил Тайландын алдарт дуучин Намчагийн “Би чамайг нүцгэлмээр байна” дууны клипэнд тоглосон юм. Энэ клип “Youtube” сайтад тавигдсан өдрөө 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоож байсан аж.
Б.Билгүйтэй саяхнаас Тайланд улсын гар утасны хамгийн том операторын нүүр царай болж “True” корпорацийн удахгүй худалдаанд гаргах “Samsung Galaxy S5” гар утасны телевизийн рекламанд тогложээ. Тэрбээр энэ рекламанд тоглохын тулд 60 гаруй эрэгтэй моделиудтай өрсөлдөж шалгарсан байна. Б.Билгүйтэй уг рекламанд тоглохдоо Хятад, Тайланд улсын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамтарчээ. “True” корпораци нь Тайландын хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны оператор компани бөгөөд монгол залуугаар нүүр царайгаа болгосон уг сурталчилгаа нь ирэх тавдугаар сарын сүүлчээр олон нийтэд цацагдах юм байна.
Б.Билгүйтэй энэхүү рекламны өмнө Хятадын загвар өмсөгчдийн хамт “Миранда” ундааны сурталчилгаанд тоглоод амжжээ. Тэрбээр өнгөрсөн хавар Банкокийн их сургуулийг вэб дизайнераар төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа Тайландын загварын мэргэжилтнүүдийн хараанд өртөж, алдартай агентлагуудад гэрээгээр загвар өмсөх болсон байна. Гэвч монголчуудын хувьд төдийлөн танил биш тэрбээр Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр моделиор шалгарч байсан юм.
М.АМАРЖАРГАЛ
medee.mn