Рок попын ертөнцөд хөл тавьсан даруйдаа “Бусдын бүтээлээс хуулбарласан” гэж чичлүүлж буй “Catwalk” хамтлагийнханд хийх юм олдохгүй байгаа бололтой. Гоолиг бие, хөөрхөн царайгаа харуулаад од болчихно гэж сэтгэсэн охид нүцгэлж хүртэл үзлээ. Бас л болсонгүй. Загвар өмсч, кинонд тоглож, зургаа авахуулсан охид дуулж, бүжиглэхдээ маруухан учраас өөрсдийгөө сурталчлах элдэв яриа гаргаж эхэлжээ.
Ямартаа л, саяхан тэд нэгэн хэвлэлд “Бид өөрсдийгөө их өндөрт үнэлдэг болохоор урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчийн дуудлагыг авдаггүй.
Азын оронтой юмуу дараа төлбөрт дугаараас залгасан тохиолдолд бидэнтэй холбогдож болох юм” гэж тэнэглэв. Үнэндээ нүцгэн бие, будмал төрхөө харуулахаас өөр гавьтай зүйл хийгээгүй тэднийг хараад залуус “Үнэтэй дугаар сонирхдог хямдхан дуучид” гэж шоолж байгааг мэдэх болов уу.
Р.ЕСҮЙ