Холын Америкт олон жил амьдарч барууны урсгалд суралцаж, эх орныхоо нэрийг ч бага ч атугай таниулаад ирсэн охидын дөрвөл эх орондоо ирснээсээ хойш үе үехэн хоёрдахь нутгаа ярьж олны дургүйцлийг хүргээд авдаг.
Гэлээ ч англиар зүүдэлдэг болтлоо дассан тэднийг буруутгах арга байхгүй. Хөгжингүй Америкийг хөх Монголтой зүйрлэх яагаа ч үгүй гэлээ унасан газар, угаасан ус, өөрсдийг нь гэсэн фенүүдээ бодоод сүүлийн үед ярихгүйг хичээдэг болсон гэдэг.
Нэгэнтээ Монголдоо төвхнөхөөр шийдээд байгаа тэд удахгүй бие даасан тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийхээр төлөвлөж байгаа. Тэгвэл завгүй ажлынхаа хажуугаар телевиз радиогийн нэвтрүүлэгт орох ажилтай оддын жишгээр саяхан оролцсон нэгэн нэвтрүүлэгтээ өөрсдийгөө магтах хүсэлттэй тулгарчээ.
Урмын үгийг бие биедээ бид харамгүй хэлдэг гэсээр бие биенийгээ магтсан тэд өөрсдийнхөө тухай ярихдаа зарим үед уярч бүр нулимс унагаж амжжээ. Хар багаасаа хамтдаа өсч, хөгжиж, өнөөгийн өндөрлөгт хүрсэн зам мөр нь дандаа дардан шулуун байгаагүй. Нэгийгээ зохион байгуулалттайгаар гаргасан гэх шүүмжийг хүртэл сонсоод амжсан тэд өдий хүртэл туулсан замаа эргэн дурсаж ийн нулимс унагасан бололтой.
Б.Сараа