Театруудад кино үзнэ гэдэг ёстой л мөнгөний гарз болохоор болжээ. Тэр тусмаа Монголын уран сайхны кино шүү. Сонирхолтой рекламанд нь хөтлөгдөөд очихоор сэтгэл хөдөлгөж, хоногших байтугай хооронд нь ялгаж, салгахад ч хэцүү юм.
Энэ он гарсаар “Богд хаан”, “Валентины захидал”, “Долоон бурхан”, “Хөх толбот хүмүүс”, “Аравт”, “Бурхан өршөөг”, “Зам” зэрэг киноны нээлт шилээ даран болж байна.
Дүр бүтээсэн жүжигчин нь нэг, үйл явдал нь адилхан шахам байхаар яаж ч сэтгэлд хоногших вэ дээ. Өөрөөр хэлбэл дэлгэцийн урлагт хүчин зүтгэгчид киног зөвхөн мөнгө олох зорилгоор халтуурдаж бүтээдэг болжээ.
Үгүй гэвэл үйл явдлыг нь анзаарч хараарай. Мөнгө, хөрөнгөтэй хэн нэгний амьдралд аятайхан биетэй “дамшиг” хаанаас ч юм бэ гарч ирж орооцолдоно. Бас ч болоогүй нэг өрсөлдөгч бий болох нь тодорхой, зодоон, хэрүүл, тэмцэл, осолд орно эсвэл эдгэршгүй өвчин тусна, эцэст нь үхэл. Нэг иймэрхүү үйл явдлыг энд, тэндээс нь холбоод 90-120 минутын турш хөврүүлчихнэ.
Ядахад тэр кинонуудын дүрийг бүтээж байгаа жүжигчид нь ч тодорхой. Залуу, царайлаг, сайхан хүүхнүүд. Эсвэл ганц, хоёр дүрээр олны танил болж, тухайн дүрээрээ амьдрагсад байдаг. Нэг хэсэг топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн тоглосон кино ар араасаа цувраад нээлтээ хийдэг байлаа. Сүүлийн үед А.Гэрэлцэцэг, Т.Хулан нарыг кино урлагийнхан улиг болгох болжээ. Мэдээж урлагийн хүн гэдэг утгаараа гоё сайхан бие хаа, царай зүстэй байх ёстой. Гэхдээ урлагт авьяас, сэтгэл зүрхнээс гадна хөдөлмөр чухал гэдгийг алтан үеийнхэн байнга л ярьж, дурсдаг юм билээ. Тухайн үедээ сайхнаараа алдар цуутай хүүхнүүд ч кинонд тоглодог байсан. Ардын жүжигчин Л.Цогзолмаагаас эхлээд хууччуулыг дурдаж болно л доо.
Харамсалтай нь алтан үеийнхний бүтээж босгосон Монголын кино урлагийг мөнгөний машин болгохоо болиоч хэмээн өнөөгийн киночдод хэлчих зүрх, зоригтой шүүмжлэгчид алга. Шүүмжлэгчид байхгүй дээ биш. Киночид мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг нь бусдад хамаагүй гэдэг зарчмаар ажилладаг учраас магтуулах л дуртай.
Мөн өөрсдийгөө ядуу уран бүтээлч гэж нэрлэдэг киночид нь аль нэг компанийн рекламыг кино болгочихно. Түүнийгээ кадр бүртээ тод томруунаар харуулахаар зүтгэнэ. Үзэгчид бид уртасгасан хэмжээний реклам, эсвэл рекламны дундуур кино үзэхийн тулд л мөнгө төлдөг болчихоод байгаа нь туйлын үнэн шүү дээ. Өнөөгийн кино ертөнц товчхондоо нэг иймэрхүү болчихоод байна.
Киночид ядаж л авьяаслаг жүжигчид киноны урилгаас тань яагаад татгалзаад байдгийг бодож үзэх хэрэгтэй юмсан. Нэгэнт ард түмэнд авьяас билгээрээ хүндлэгдсэн жүжигчид өөрсдийгөө хөгийн киночдод “худалдахгүй”, үзэгчдийг хуурахгүй. Тиймээс л залуучуудыг од болох дур, “нялхсын өвчтөнүүд”-ийн дэлгэцэнд мөнхрөх хүслийг нь гүйцэлдүүлж буй мэт кинонууд хийгдэж байна. Өөрөөр хэлбэл жил бүр хэдэн арваараа жүжигчний анги төгсөж буй хүүхдүүд хааччихдаг юм бэ, бүү мэд. Ердөө л хэдхэн хүн кино бүрт тоглодог болжээ.
Тиймдээ ч “Тусгай салаа” олон ангит кинонд тоглосон жүжигчин Т.Эрдэнэбаяр, П.Баттөр, Б.Гэрэлчулуун болон Д.Пүрэвсүрэнгээс эхлээд дуучин Д.Болд, Э.Агиймаа, “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Анхмаа, “Номин талст”-ын Д.Батсүх, Т.Дэлгэрмөрөн гээд зөвхөн бие хаа, бусдад танигдсан царай зүс, ааш маягаараа дэлгэцэнд дүрээ мөнхлөх сонирхолтой хэсэг бүлэг хүнээс өөр жүжигчин Монголд үгүй болчихсон мэт санагдах боллоо.
Ардын жүжигчин болон МУГЖ гээд алдар хүндийн дээдэд хүрсэн жүжигчдээс ганц, хоёр хүн урьж тоглуулах нь киночдын бас нэг менежмент бололтой юм. Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Ж.Оюундарь, МУСТА Г.Золбоот нарыг урьснаар киночдын шинэ уран бүтээл амжилтад хүрэх магадлал нь өсдөг гэнэ. Үнэндээ авьяаслаг ганц, хоёр жүжигчин тоглосноор тухайн бүтээлийг рекламдахад ч олонд хүрэхдээ амархан байдаг ажээ.
Мөнгөний, шальдар, бульдар киночдын бас нэг менежмент нь гадаадын орнуудад зураг авалтаа хийх явдал. Чадварлаг жүжигчдээ урихдаа гаргаж чадаагүй мөнгөө Франц, Швед мэтийн гадны орнуудад хөрөнгө оруулалт маягаар цацах шаардлага бас байдаг л юм байх даа.
Өнгөрсөн жил нээлтээ хийсэн киночдын бүтээлээс болж орчин цагийн кино урлагийн нэр хүнд унаж, дэлгэцийн бүтээл мөнгөний машин болсон гэдэг нь тодорхой болсон. 2011 онд л гэхэд уран сайхны 40 гаруй кино нээлтээ хийсэн байдаг. Тухайлбал “Болсон явдал”, “Амьдрал төсөл”, “Рашаантын 18”, “Учиртай гурав”, “Франц үнсэлт”, “Нар сарны зааг”, “Хүний хүүхэд”, “Ээж ээ”, “Бид дөрвийн хайр” гээд тоочвол, нэр нь хүртэл нэг л явцгүй.
Эдгээрийн чухам хэд нь чанарын шаардлага хангасан, сайн уран бүтээл болсныг дүгнэж, цэгнэх байгууллага байхгүй нь киночдыг даврааж, дэлгэцийн урлагийг үгүй хийж байна. Тиймээс харьяа яамныхан нь урлагийг урлаг шиг байлгахад бага ч атугай анхаарах болсныг дуулгах нь зүйтэй болов уу.
factnews.mn