С.Удвалын нэрэмжит “Их хувь заяа” яруу найргийн цомын эзэн
Яруу найрагч Б.Болорцэрэн
ГУЧИН НАС
Хаврын салхинд хормой дэрвээд
Хачин юмаа, гучин насанд
Харцных нь сайханд сэтгэл дэнслээд
Халуухан юмаа, залуухан насанд
Шинэхэн амрагийн гэнэхэн болзоонд
Шийтгүүлж жиндмээр хавар байна
Ширээний ном, цүнхний эмгүй
Шилэрч ормоор хавар байна
Хуй салхинд сэнсрэн гүймээр
Хуурамч юмаа, гучин насанд
Хундага дарсанд сэмхэн халамцмаар
Хуульгүй юмаа, гучин наснад
Амархан дасчих сэтгэл биш ч
Аргалж болмооргүй харц байна
Амьдрал мэдэхгүй нас биш ч
Алдаж мэдэхээр танхилхан байна
Онгироо ч гэсэн миний гучин нас
Намбагүй загнаж шараа болохгүй
Ойворгон ч гэсэн миний залуу нас
Найрагчгүй газар шараа тайлахгүй
Болзоогүй эрийг өөрийн тааллаар
Богтолж болмоор хавар байна
Богинодсон даашинз цэцгэн шаахайтай
Бороонд нормоор хавар байна
Адтай ч гэсэн миний гучин нас
Бусдын амрагт шунан дурлахгүй
Алдаатай ч гэсэн миний гучин нас
Бурхадын дураараа харамсахыг хүсэхгүй
Өөрт минь дурласан хэн бэ гуайн өмнө ч
Өөрөөсөө гэрэлтэх чулуу байж
Хацрынхаа туяанд нар шиг мандана
Хаврыг угтахаар гэгээвчээр нь оргоно
Цөн түрэх сэтгэлийн урсгалд
Цөмөрч мэдэх хүслээ дагана
Цагаан зөрүүд гэгээн тэнэгхэн
Цайлган хонгор зангаа л дагана
Үймүүлж мэдэх эрчүүдийн харцанд
Өөрийгөө хямгадсан залуу явахад
Зориг шантрахад бурхан дургүй
Зохицуулж болмоор амьдрал байна
Гэнэн охин шиг цуваа мартмаар
Гээд болоогүй насаа мартмаар хавар байна.