Дэлхийн сүрчиг үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг Coty IPO хийх ажиллагааг дараа жилийн эхний хагас хүртэл хойшлуулав. Тэд АНУ-ын холбогдох байгууллагуудад 2012 оны зургаадугаар сард хандан ийм өргөдлөө өгсөн юм. Хувьцаагаа анхлан байршуулснаар үйлдвэрлэгч компани 700 сая доллар татан төвлөрүүлж чадна хэмээн төлөвлөж байжээ. IPO-г зохион байгуулагчид нь Bank of America, JPMorgan Chase, Morgan Stanley болох ёстой байлаа.
Оо энгэсэг, үнэртэн үйлдвэрлэдэг тус компани бирж дээр гарах явдлаа хойшлуулахаар шийдсэн шалтгаанууд тодорхойгүй үлдэв. Евро бүсэд өр, зээлийн хямрал үргэлжилж, санхүүгийн зах зээлүүд дээр тогтворгүй байдал үүсээд байгаа тул ингэсэн байж мэднэ. Coty компани 1904 онд Парис хотод байгуулагджээ. Өдгөө тус компанид 12 орчим мянган хүн ажилладаг бөгөөд төв байр нь Нью-Йорк, Женев, Парис хотуудад байрладаг юм. Тус компанийн мэдэлд Balenciaga, Bottega Veneta, Calvin Klein, OPI, Sally Hansen зэрэг нэртэй брэндүүд байдаг билээ. Өнгөрөгч санхүүгийн жилд тус компанийн цэвэр орлого 4.1 тэрбум доллартай тэнцжээ.
www.wikimon.mn