Бүх цаг үеийн хамгийн цуутай, үзэсгэлэнтэй бүсгүй Мэрилин Монрогийн нэрийг сонсмогц л гоо үзэсгэлэн гэдэг үг өөрийн эрхгүй толгойд орж ирдэг.АНУ-ын секс билэг тэмдэг, хайр дурлалын бурхан гэгдэх Монрогийн хувьд гайхалтай жүжиглэх авьяас, дур булаам төрх, гоо үзэсгэлэн, ялдам хоолой гээд энэ бүгд түүнд байсан юм. Түүний урлагийн замнал 16 настайгаас нь эхэлж, нийтдээ 29 кинонд дүр бүтээснээс эхний 8 жилд 24 кинонд тоглосон байна. Харамсалтай нь түүний хувийн амьдрал тийм ч таатай байсангүй. Мэрилиний амьдрал бүгдийн анхаарлыг татдаг байлаа.
Мэрилэн Монро 1926 оны 6 сарын 1-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелос хотодGladys Pearl Baker- н гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний гэрчилгээн дээрх жинхэнэ нэр болохNorma Jeane Mortenson-г ээж нь Norma Jeane Bakerболгон өөрчилсөн гэдэг. Мэрилин хүүхэд насаа түүний аав чухам хэн болохыг мэдэлгүй өнгөрөөжээ. Учир нь түүний ээж хэд хэдэн хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон, Мэрилиний аав гэгдэх Mortensen-той 1924 онд гэрлэж, хөл хүнд болохоос өмнө тэд тусдаа амьдарцгааж байсан байна. Олон ч сонины нийтлэлүүдэд Gladys-ийг охиноо эцэггүй гэгдэхээс хамгаалж Mortensen-оор овоглосон гэж тэмдэглэсэн нь ч бий. Мэрилин өөрөө ч Mortensen-ийг өөрийнхөө аав гэдгийг амьдралынхаа туршид үгүйсгэж ирсэн. Тэрбээр хожим эцгийнхээ талаар хэлэхдээ бага байхад нь ээж нь түүнд жинхэнэ эцэг нь гэх Charles Stanley Gifford-н зургийг үзүүлж байсныг дурджээ.
Мэрилин 7 нас хүртлээ хүүхэд хүмүүжүүлэх газарт байжээ. Сэтгэл мэдрэлийн өвчин туссанаас бяцхан охиноо асрах боломжгүй болсон ээжийнх нь сайн найз гэх Grace түүний асран хамгаалагч болсноор 9 нас хүртлээ түүнтэй хамт байсан байна. Гэвч Grace 1935 онд гэрлэж, Мэрилин ахиад л Лос Анжелосын хүүхэд асрах төвд шилжин иржээ. Grace түүн дээр байнга зочилдог байсан бөгөөд түүнийг дагуулан гадуур гарч, кино үзэн дэлгүүр хэсч, хэрхэн нүүрээ будах зэргийг заадаг байжээ. 1942 онд Мэрилин 16 настайдаа Grace дээр эргэн ирсэн байна. Мэрилин энд өөрийн анхны нөхөр James Dougherty-тай танилцжээ. Мэрилиний хувьд бүх зүйл ямар нэгэн шалтгаантай байдагт үргэлж итгэдэг байв.
Ухаантай эмэгтэй өөрийг нь орхихоос өмнө
түрүүлж орхидог
Мэрилиний анхны нөхөр James Dougherty түүний хөршийн хүү байлаа. Тэд 6 сарын үерхлийнхээ дараа гэрлэхэд Grace тун их дэмжжээ. Хожим нь энэ талаар Мэрилин: “Grace Mckee миний хуримыг зохион байгуулсан. Тэр үед надад ямар ч сонголт байгаагүй. Учир нь тэд аль хэдийнээ бүгдийг зохион байгуулчихсан байсан. Тэгээд л би гэрлэсэн” гэжээ. Харамсалтай нь энэ гэрлэлт үүрдийнх байсангүй. Тэд 4 жилийн дараа буюу 1946 онд салсан байна. Мэрилин салалтынхаа талаар “Энэ гэрлэлт миний хувьд тийм ч гунигтай байгаагүй. Бас тийм ч их аз жаргалыг өгөөгүй. Бид сайн ойлголцдоггүй байсан нь салалтын гол шалтгаан байсан байх” гэсэн байдаг. Магадгүй “Ухаантай эмэгтэй үнссэн ч үнссэн хүнээ хайрладаггүй, сонссон ч итгэдэггүй мөн өөрсдийг нь орхихоос өмнө түрүүлж орхидог”-ийг Мэрилин энэ үед ойлгосон ч байж болох юм. Энэ үг түүний хэлэх дуртай үгсийн нэг нь байжээ.
Мэрилинийг нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байхад нь анх “David Conovor” сэтгүүлд зургаа авхуулах санал иржээ. Саналыг хүлээн авсны дараа зураг нь олон олон сэтгүүлийн нүүрийг чимэх болж, улмаар тухайн үеийн нэр хүнд бүхий томоохон агентлаг 20-р зуун Fox-той хамтран ажиллах болсон байна.
Ингээд Мэрилин бүх хүний мөрөөдлийн эмэгтэй болон хувирав. Удалгүй 7 хоногийн 125$ цалинтай ажиллах болж, жүжигчний нэр хүнд нь ч өсч, 1946 оны сүүлээр тэрбээр үсээ цайвар шаргал, нэрээ Мэрилин Монро болгон өөрчилж энэ нэрээрээ шүтэн бишрэгчиддээ танигдсан юм. 1947 онд хамгийн анхны кино болох “The shocking miss pilgrim”-д тогложээ. Түүний дараа 1948 онд тоглосон “Ladies of the chorus” киноныхоо дууг Мэрилин өөрөө амилуулснаармөн дуулах авьяас нь нээгдсэн юм. 10 орчим жилийн дараагэхэд Мэрилин инээдмийн болон драмын киноны олон дүрээрээ үзэгчдийн сэтгэлийг булаасан гайхалтай жүжигчин болсон байлаа.
Гэнэтийн агшинууд
Мэрилин Монрогийн гоёмсог цагаан даашинзны хормой нь салхинд дэрвийж буй зураг мөн л сонирхолтой түүхтэй. “The Seven Year Itch” киноны зураг авалтын үеэр тэрбээр Нью Иоркийн метроны буудлын агаар цэвэршүүлэх системийн дэргэд зогсож байжээ. Гэтэл гэнэт агаар цэвэршүүлэх хоолой ажиллаж түүний хормой сөхөгдсөн байна.Зурагчид тэр агшинг хальсанд буулгасан нь хүн бүхний сонирхлыг татсан гайхамшигт бүтээл болонүлдсэн байна. Зөвхөн энэ зургийг үзэх гэж олон зуун шүтэн бишрэгч нь Нью Иорк хотын “Trans Lux” театрт цуглаж, тухайн үедээ асар их дуулианыг дагуулахын зэрэгцээ тэр хэмжээний орлогыг авчирч байв. Зарим эх сурвалжид алдар нэртэй жинхэнэ од болоход нь энэ зургийг хамгийн их нөлөөлсөн гэж үздэг. Хожим уг зурган дээрх цагаан даашинз нь Калифорнийн Беверли Хиллст болсон дуудлага худалдаанд 5,6сая доллараар үнэлэгдэн зарагджээ.Цагаан даашинзтай Мэрилиний аварга том хөшөө нь одоо АНУ-ын Чикаго хотод бий.
Мэрилин Монро өөрийн бүтээсэн дүрүүд болон гоо үзэсгэлэнгээрээ олон шагналыг авсан байна. Тухайлбал, Мэрилин 27 насандаа Холливуудын хамгийн дур булаам эмэгтэйгээр шалгарч, “Photoplay” сэтгүүлээс шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэж, 1962 онд “Алтан бөмбөрцөг” кино наадмаас үзэгчдийн хайртай эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ. Энэ түүний амьдралын хамгийн жаргалтай, гэнэтийн бөгөөд үнэт агшинууд байлаа. Түүний тоглосон олон киноноос 1950 онд бүтээсэн “All about Eve”, 1953 онд дэлгэцнээ гарсан “Niagara”, түүний дараах “Gentlemen Prefer Blondes” зэрэг киноны дүр түүнийг амжилт өөд улам бүр хөтөлсөн юм. Гэвч 1954 онд олны хүртээл болсон “There’s No Business Like Show Business” кинонд тоглосон зун нь Мэрилин бронхит болон цус багадалтын улмаас өвдөх болжээ.Энэ бүхэн түүний сүүлийн жилүүдэд нойрсуулах эм их ууснаас болжээ.
Жинхэнэ гоо үзэсгэлэн мөнхөд оршино
Мэрилиний амьдралын сүүлийн жилүүдэд түүнийг хэл ам тойрч гараагүй юм. Түүний хувьд гэр бүлээс нь илүү найз нөхөд чухал байр суурийг эзлэх болов. Тэрбээр амьдралынхаа туршид 3 удаа гэрлэсэн ч бүгд салалтаар төгссөн юм. Анхны нөхөр James Doughertyнь түүний ажлыг тийм ч таатай хүлээж аваагүйгээс салсан бол, хоёр дахь нөхөр болох алдарт бэйсболчин Joe DiMaggio нь Мэрилиний “The Seven Year Itch” кинонд авахуулсан хормой нь сөхөгдсөн зураг “Trans Lux”кино театрын урд байгаа нь таалагдаагүй байна. Тэдний гэрлэлт ердөө л 9 сарын настай байлаа. Эцэст нь 1956 оны 6 сарын 29-нд жүжгийн зохиолч Arthur Miller-тэй гэрлэсэн юм. Мөн л үүрдийнх байж чадаагүй энэ гэрлэлт 4 жилийн дараа салалтаар төгссөн байна. Мэрилин Монротой нэр холбогдсон хүмүүсийн тоонд ах дүү Kennedy, Франк Синатра, жүжигчин Marlon Brando зэрэг алдартай эрчүүд орсон байдаг. Зарим эх сурвалжид Мэрилинийг 1960 оны үеэс ерөнхийлөгчид сэтгэлтэй болж, гэрлэхийг хүсдэг хэдий ч гэр бүлтэй учраас дэмий дотроо шаналж явсаар түүний дүү болох Robert Kennedy-тэй дотноссон гэж үздэг.
1962 оны 5 сарын 29-нд Мэрилин ерөнхийлөгч John Kennedy-н 45 насны төрсөн өдрийн үдэшлэгт “Төрсөн өдрийн мэнд хүргэе, эрхэм ерөнхийлөгч өө” дууг дуулсан нь түүний хувьд сүүлчийн удаа олны өмнө гарсан явдал байлаа.
Энэ өдөр Мэрилин Jean Louis-н урласан гоёмсог даашинзаар гоёсон байлаа (уг даашинз 1999 онд дуудлага худалдаагаар 1,26 сая доллараар зарагдсан юм). Үүнээс 3 сарын дараа буюу 1962 оны 8 сарын 5-нд Калифорни мужийн Лос Анжелос хотын Brentwood дэх гэртээ тэрбээр 36 насандаа таалал төгсжээ. Түүнийг нас барсан тухай сэтгэл мэдрэлийн эмч Ralph Greenson үүрийн 4цаг 25 минутанд цагдаад мэдэгдсэн байна. Шинжээчдийн дүгнэлтээр нойрны эм хэтрүүлэн ууснаас нас барсан гэж тайлбаласан ч амиа хорлолт, аллага байсан гэх янз бүрийн таамаглал олны дунд одоо болтол дэвшүүлсээр байдаг.
Ямартаа ч Мэрилин Монро бол зөвхөн гоо сайхан төгс төгөлдрийн илэрхийлэл бус жинхэнэ од бүсгүй байв. Түүний амьдралд тулгарсан олон асуудалд Мэрилин өөрийн жижиг биедээ баймгүй тийм их тэсвэр тэвчээр, зориг хатуужил ур ухааныг гаргаж, жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ бидэнд батлан харуулж чадсан юм. Түүний бичсэн тэмдэглэлүүдээс үзэхэд Мэрилин өөртөө маш их итгэлтэй, бууж өгөхийг хүсдэггүй, хүсэл мөрөөдөл, тэмүүллээр дүүрэн бүсгүй байсан нь илэрхий харагддаг. Насан эцэслээд хэдийнээ 50 жил өнгөрсөн ч Мэрилин Монрогийн алдар нэр, гоо үзэсгэлэн мөнхөд оршсоор байна. Одоо ч түүний булшин дээр улаан сарнай байсаар л байдаг…Мөн түүний дэргэд зэрэгцэн нойрсохыг дэлхийн сая сая эрчүүд хүссээр байна.
Эмэгтэйчүүд