“Facebook”, IPO гэдэг хоёр үг сүүлийн хэдэн өдөр дэлхий нийтийн амны уншлага болж байна. Маргааш зарагдаж эхлэх “Facebook”-ийн хувьцааг өнөөдөр мэргэжлийн хөрөнгө оруулагчдаасаа авахуулаад дунд сургуулийн хүүхдүүд хүртэл авчих юмсан хэмээн шуурч байгаа билээ. “Apple”-ийг үндэслэгч, тэрбумтан Стив Возняк хүртэл “Ямар үнэтэй байх нь хамаагүй, авахдаа л авна” гэжээ. 28-35 долларын хооронд яригдаж байсан энэ хувьцааны эрэлт хэтэрхий их байгаа тул компани анхны үнийн хэлбэлзлээ өчигдөр 34-38 доллар хүргэж зарлав. Улмаар маргааш болох анхны худалдаандаа “Facebook” борлуулах гэж байсан хувьцаанаасаа даруй 25 хувиар илүү буюу 85 сая хувьцаа нэмж гаргахаар болжээ. Өчигдрийн байдлаар компанийн удирдлага энэ талаараа АНУ-ын үнэт цаас, биржийн хороонд мэдэгдэхээр зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв.
Нийт арилжих 422 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь дундажаар 36 доллароор зарвал М.Цүкербэрг тэргүүтэй компанийн удирдлага 15.2 тэрбум доллар босгох юм. Ингэснээр компанийнх нь зах зээлийн үнэлгээ 100 тэрбум доллар гэдэг лут том давааг өлхөн давна гэсэн үг. Үүнээс өмнө ямар ч интернэт-компани энэ босгыг давж байсангүй. Үүний өмнөх рекорд бол алдарт “Google” бөгөөд 2004 онд эднийх 1.9 тэрбум долларын хувьцаа зарж компанийнхаа үнэлгээг 23 тэрбумд хүргэн шуугиулж байсан билээ. Түүнээс хойш “Google”-ийн үнэлгээ 8.6 дахин өсч бараг 200 тэрбум долларт хүрээд байна. Жилийн орлого нь гэвэл 25.8 дахин өсч 37.9 тэрбум доллар болжээ. Өнөөдөр “Facebook” түүнээс 10 дахин бага орлоготой хэдий ч, зах зээлийн үнэлгээ нь ердөө хоёр дахин бага байгааг бодож үзээд М.Цүкербэргийн компани ирээдүйд яаж томорч болохыг төсөөлөхөд зөвхөн гэрэл гэгээтэй зүйл бодогдоно. Хэдэн жилийн өмнө ийм маягаар төсөөлж байсан хүмүүс амьтны доог болж байсан баримт бий. 2009 онд Оросын тэрбумтан А.Усманов, Ю.Мильнер нар “Facebook”-т 6.5-10 тэрбум долларын үнэ хэлээд “Мөнгөндөө хахсан цээж өвчтэй Оросын тэнэг баячуудын л хийдэг наймаа” хэмээн дэлхийн олон нийтэд шоолуулж байсан юм.
Гэхдээ цаг цагаараа байдаггүй. “Facebook”-ийн хувьцааг авахаар зүтгэж буй хүмүүс, хөндлөнгийн ажиглагчид аль алин нь “Маргааш юу болдог бол” хэмээн түгшиж буй нь үнэн. Хувьцааны үнэ өнөөдөр тэнгэрт тулж байгаад маргааш шороотой хутгалддаг зах зээлийн гашуун үнэн бий. Өнгөрсөн жилийн хувьд IPO хийсэн интернэт-компаниудаас “Facebook”-тэй төстэй зарчимтай “LinkedIn”-ийн хувьцаа л гайгүй өссөн бол “Groupon”, “Zynga”, “Яндекс”-ынх анх байршсан үнээсээ өнөөдөр нэлээд буурсан байдалтай байна. “Facebook”-ийн хувьцааны хувьд чухам хэрхэх талаар, хөрөнгө оруулалтын зах зээлийн шинжээчид үгээ хэлээд эхэлжээ. “Дажгүй явчихна, авсан хүн алдахгүй” гэх нэгэн байхад “Өнөөдрийн энэ үнэ бол хөөс, төд удахгүй хагарч олон амьтныг уйлуулна даа” хэмээн зарим нь хаширлаж байна. Хөрөнгийн зах зээл гэдэг холбиромтгой, тогтсон жор нэгэнт үгүй болохоор аль ч тохиолдолд, хэн ч иймэрхүү л юм хэлдэг нь хууль. Яахыг цаг хугацаа л харуулна. Найман жилийн өмнө Нью-Йоркийн 20 настай “бацаан” найз нартайгаа “наргиж” байгаад бодож олсон суут бүтээл ямар ч байсан өнөөдөр дэлхий нийтийг, тэдний тэрбум тэрбум долларыг дэнжигнүүлэн хөдөлгөж байна. Маргааш буюу 18-нд Нью-Йоркт хувьцаа нь зарагдаж эхэлнэ, улам л дэнжигнүүлнэ дээ.
Б.Бат-Амгалан