Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, 64 настай Пак Гын Хэгийн сэтгэхүй 17-18 насныхаа хэмжээнд үлдсэн учраас одоог хүртэл өөрийн найз Чой Сүүн Силээс хэт хамааралтай хэвээр байж магадгүй хэмээн үзэж байгаагаа нэрт сэтгэлзүйч Хван Сан Мин өчигдөр хэвлэлд ярьжээ.
Пак хатагтай 11 насандаа буюу 1963 онд Хөх ордонд орж 1979 он хүртэл “гүнжийн амьдрал”-аар амьдарсан. Тиймээс тэр энгийн хүмүүсийн хүүхэд насандаа туулдаг хүнд бэрхшээлийг огт мэдрээгүй гэж Хван ярьсан байна.
Харвардад төгссөн судлаач хэлэхдээ хүн болж төлөвших цаг хугацаандаа хэцүү бэрхийг үзээгүй бол сэтгэлгээ нь бусад хүмүүсийнхээс хоцордог гэнэ. Пакын эцэг, Өмнөд Солонгосын дарангуйлагч байсан Пак Чун Хэ 1979 онд туслахынхаа гарт амиа алдсаны дараа тэр Хөх ордныг орхисон байна. 1998 онд Пак парламентын гишүүн болох хүртлээ энгийн амьдралаар амьдарсан. Гэхдээ энэ нь ядуу гэсэн үг биш. Эцгийг нь залгамжилсан Чун Ду Хван түүний гэр бүлд их хэмжээний тэтгэмж өгдөг байснаас гадна 1974 онд нас барсан эхийнх нь нэр дээр ажилладаг буяны сангаас хангалттай мөнгө орж ирдэг байжээ.
Хван “Пак нь Чой Сүүн Силтэй 23-24 насандаа танилцсан гэдэг. Тэр цагаас эхлэн Чой хатагтай түүний байнгын халамжлагч болсон тул Пак насан туршдаа ямар нэг зовлон бэрхшээл үзээгүй” гэж үзэж байгаагаа онлайн радио ярилцлагын үеэр хэлсэн байна.
Хван бол ерөнхийлөгч Пак Гын Хэг байнга шүүмжилдэг нэгэн юм.
Тэр энэ оны эхээр Сөүлийн Ёнсей Их сургуульд хашиж байсан албанаасаа халагдсан нь ерөнхийлөгчийг шүүмжилдэгтэй нь холбоотой гэж хүмүүс үздэг аж.