Ихэр хөвгүүд өөрсдийгөө ховорхон тохиолдлуудын нэг хэмээн боддог байв. Гэвч тэдний ээж дахин жирэмсэлж мөн л ихэр хөвгүүдтэй болжээ.
Их Британийн эмч мэргэжилтнүүдийн тайлбарласнаар 30 сая төрөлт тутамд нэг тохиолддог аж. Ихэр хөвгүүд ихэр эрэгтэй дүү нартай болсон явдал нь тус улсад анхны тохиолдол гэж Хатан хааны шинжлэх ухааны академийн эрдэмтэд мэдэгджээ.
Ким болон түүний нөхөр, 30 настай Фредди нарын бяцхан хөвгүүд Пакстон, Кэмбс энэ сарын 13-нд төрсөн байна. Ихрүүдийн ээж Ким “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Би тэднийг анх ихэр, тэр дундаа хүү гэдгийг мэдээд маш их гайхсан. Фредди рүү залгаж ярихад тэр итгэж ядаж байсан. Бид одоо байшингаа томсгох хэрэгтэй байгаа” гэжээ.
Их Британийн Ихэр, олон төрөлтийн холбооны мэргэжилтнүүдийн ярьснаар Пакстон, Кэмбс нар цоо эрүүл байгаа нь бахархууштай аж. Ихрүүдийн дараа ихэр мэндлэх нь ховор тохиолдол бөгөөд сүүлд мэндэлсэн ихрүүд нь ямар нэг эмгэгтэй, сул дорой байх магадлал өндөр байдаг гэнэ.
Т.Арьяа /time.mn/