Эрчүүд ноёрхдог уламжлалтай санхүүгийн үйлдвэрлэл эмэгтэйчүүдийн үгийг сонсох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь хангалтгүйгээс жилд 700 тэрбум ам.доллар олох боломж алдаж буйг консалтингийн Oliver Wyman фирмийн судалгаанд анхааруулжээ. “Эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээний салбарт дутуу үйлчлүүлж буй хамгийн том бүлэг яах аргагүй мөн” хэмээн уг тайлангийн ахлах удирдагч Жессика Клемпнер мэдэгдсэн юм. Санхүүгийн “компаниуд эмэгтэй үйлчлүүлэгчдийн үгийг сонсоогүйгээс их мөнгө алдаж байгаа” гэж тэрбээр онцлон дурдаж байв. Санхүүгийн ихэнх бүтээгдэхүүн хүйсийн ялгаваргүй саармаг мэт боловч мөн чанартаа эрчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байдаг. Тайлангаас үзвэл ялангуяа, эд баялагт чиглэсэн бүтээгдэхүүн тэр бүр эмэгтэйчүүдийн санхүүгийн амьдралд нийцдэггүй байна. Даатгалын компаниуд амь насны даатгалын бодлогодоо эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил үнэлэх тохиолдолд 500 сая ам.долларын премиум-урамшуулал үүсгэх боломж байгааг Oliver Wyman тооцоолжээ. Эмэгтэйчүүд эзэмшиж буй активынхаа ихээхэн хэсгийг үнэт цаас, бонд бус, бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах хандлагатай нь активын менеже-рүүдэд 25 тэрбум ам.долларын шимтгэл үүсгэх боломж юм. Хэрэглээнд саяхан нэвтэрсэн Apple Card хүйсээр ялгаварлан гадуурхсан шинжтэй болсныг технологийн салбарын бизнесмен Twitter-т жиргэсэн нь Apple Inc болон Goldman Sachs Group Inc-ийн хооронд маргаан дэгдээлээ. Уг маргаан нь америкчууд яаж зээл авдгийг тодорхойлох алгоритм ашиглахдаа банк санхүүгийн байгууллагууд санаандгүй ялгаварлан гадуурхаад байгаа юм биш үү гэсэн асуулт болж хувирав. Санхүүгийн салбарын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ховор байдаг нь энэхүү бэрхшээлийг улам хүндрүүлдэг. Өдгөө санхүүгийн салбарын гүйцэтгэх захирлуудын 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь 2016 онд 16 хувьтай байсан үеийнхээс бага ч гэсэн өссөн хэмээн тайланд тайлбарлажээ.
ЗГМ