Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг “Мемори поп оркестр”-ын тоглолт энэ сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна.
Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “Мемори поп оркестр”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн танил аялгуу эгшиглэж, Монголын шилдэг дуурийн дуучид Италийн хөгжмийн зохиолчдын ари, романсаас дуулж, таны сэтгэлийг сэргээх ажээ.
Сонирхуулахад, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэдэх мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн Мемори поп оркестрыг 2004 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын хийлч Л.Мөнхцэцэгийн санаачлагаар 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм. Урийн сангаа дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр баяжуулсаар ирсэн “Мемори поп оркестр”-ын уран бүтээлчид жил бүр тоглолт хийдэг уламжлалтай. Өдгөө “Мемори поп оркестр” нь 34 хүний бүрэлдэхүүнтэй болж мэргэжлийн чадварлаг хөгжимчдөөр бүл нэмж, үзэгчдийн хэдийнэ сонсох дуртай, хүсэн хүлээдэг томоохон тоглолтынх нь нэг болж чадсан юм. “Мемори поп оркестр”-ыг хэвлэлээр “ШИНЭ ЗУУНЫ УРСГАЛ” хэмээн тодорхойлдог.
Уг тоглолтын тасалбар ердөө 45,000 төгрөг бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар худалдаалж байна.
Б.Дэжид /MEDEE.MN/