Хэдхэн жилийн өмнө монголын хамтлаг дуучдаас анх удаагаа өөрийн нэрээр нэрлэсэн хувцасны коллекци гаргаж байсан дуучин Д.Болд дахин сенсаци тарьлаа.
Эх сурвалжийн мэдээллэснээр “Төрийн соёрхолт дуучин маань “Болд” гэсэн нэртэй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг зах зээлд бий болгох боломжгүй болгосон гэнэ.
Учир нь Улсын бүртэлийн ерөнхий газраас “Болд” нэрээр аж ахуйн нэгжүүдийг бүртгэх нь бүү хэл “наад нэр чинь дуучин Д.Болдын өмч” хэмээн тус нэрийг олгохгүй байгаа ажээ.
Тиймээс дээрх мэдээлийн дагуу Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Сайн байна уу. Таныг “Болд” нэртэй жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг өмчлөн авч байгаа гэж сонслоо. Энэ үнэн юм уу?
-Сайн байна уу. Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Харин гадуур тийм яриа яваад байна лээ. Би юу боллоо гэж “Болд” нэртэй бүхнийг өмчлөж авах билээ. Надад тийм шаардлага байхгүй. Энэ худлаа цуурхал.
-Тэгвэл Улсын бүртэлийн газраас “Болд” нэртэй жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийг бүртгэхгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Тэр бүү хэл, “Болд” нэрийг хувийн бизнест ашиглаж болохгүй. Энэхүү нэрийг дуучин Д.Болд ашиглаж байгаа гэх юм билээ…?
-Магадгүй хэдэн жилийн өмнө “Гоёо” брендтэй хамтарч, “Be Bold” нэртэй хувцасны коллекци гаргаж байснаас ийм яриа гарсаныг үгүйсгэхгүй. Гэхдээ саяхан “Дүнжингарав” цогцолборт “Болд” нэртэй үсчин, гоо сайхны газар ажиллаж эхэлсэн юм билээ. Үүнээс болж “Болд” нэртэй болгон надтай холбогдож, миний өмч юм шиг ойлгогдох болсон байх. Надад “Be prodaction”-аас өөр хувийн өмч байхгүй. Өмнө нь ч гэсэн ийм яриа гарч байсан. Тэрхүү цуурхалын цаг хугацаа худлаа гэдгийг батлаад өгнө.
-Та саяхан “Төрийн соёрхолт”-ын найраа нижгэр тэмдэглэсэн. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Би ойрд уран бүтээл дээр ажиллаж, хоолойны бичлэгтээ орсон. Тун удахгүй үзэгчдэдээ шинэ цомгоо толилуулна. Тэр цагт бүрэн хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгч болно биз дээ.
-Бололгүй яахав. Танд баярлалаа
Б.Дэжид /Мэдээ.мн/