САРАНСК. /РИА Новости/. Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочи хотод уулзан Орос улсын иргэншлийг хүлээн аваад Саранск хотод нисэн ирсэн Францын алдарт жүжигчин Жерар Депардьед Мордов улсын Засгийн газар тус Бүгд найрамдах улсын Соёлын сайдын суудлыг санал болгосон байна.
“Депардьед сул байсан Соёлын сайдын албан тушаалыг санал болгоход тэрбээр “Баярлалаа. Гэхдээ би дэлхийн соёлын сайд шүү дээ” хэмээн хариулсан” хэмээн “Оросын мэдээллийн алба” радиостанцын нэвтрүүлэгт “Госфильмфонд”-ын дарга Николай Бородачев хэлсэн байна.
Мөн “РИА Новости” агентлагт Мордовын Засгийн газрын төлөөлөгч энэ мэдээллийг нотлон өгүүлжээ. “Хэрвээ ноён Депардьед ийм хүсэл байх аваас энэ суудлыг санал болгож болох юм” хэмээн Мордов улсын төрийн тэргүүн Владимир Волков өгүүлсэн аж.
Волков ийм санал тавьсанд Депардье талархсан байна. Тэрбээр шулуухан татгалзсан хариу өгөөгүй бөгөөд зөвхөн тус улсад хэдэнтээ зочлон Мордов улсын соёл болон ахуйтай гүн гүнзгий танилцсаныхаа дараа л шийдвэрээ гаргаж болох юм гэсэн үг унагасан гэх.
Мордовоос гаралтай “Госфильмофонд”-ын дарга Николай Бородачевын урилгаар Францын жүжигчин энд хүрэлцэн ирсэн байна. Бородачевын хэлснээр Депардьег Саранск хотын оршин суугчаар хэдийнээ бүртгэсэн агаад тус улсын тэргүүн Владимир Волков түүнд орон сууц болон байшин бэлэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Путин Депардьетэй уулзаж уран бүтээлийн төлөвлөөгөөнийх нь талаар ярилцсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдээлсэн юм.
Путинтай уулзсаныхаа дараа Оросын харьяат Депардье Саранск хотыг зорьсон байна. Нисэх буудалд түүнийг ардын дуу болон орос бин барин угтсан аж. Энэ үеэр жүжигчин маань ОХУ-ын иргэний шинэхэн паспортаа сэтгүүлчдэд бахархалтайгаар үзүүлж сонирхуулжээ.
Мордов улсад хийж буй Депардьегийн айлчлалын талаар гадаадын хэвлэл мэдээлэлд өгүүлэхдээ тус улсад “Pussy Riot” панк хамтлагийн дуучин Надежда Толоконникова ялаа эдэлж буй хорих анги оршдог болохыг онцлон тэмдэглэж байна.
Саранск хотоос Депардье нь Швейцарь улсыг зорьсон бөгөөд тэнд өнөөдөр ФИФА-гийн “Алтан бөмбөг” гардуулах ёслолын ажиллагаанд хүндэт зочноор уригдсан аж.
Харин маргааш буюу мягмар гарагт Парис хотын шүүх жүжигчнийг хүлээж байна хэмээн “Les Echos” сонинд бичсэн байна. Тэрбээр өнгөрсөн11 дүгээр сард машинаа жолоодож яваад зам тээврийн осолд орсон аж. Жүжигчний цусан дахь согтууруулах хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээг давсан байсныг шинжээчид тогтоосон байна. Ийм зөрчил гаргасан тохиолдолд 4,5 мянган еврогийн торгууль оногдуулах буюу машин жолоодох эрхийг нь 2 жил хүртэл хугацаагаар хасдаг юм.
С.Амар