Хятадын Цагаан сарын баяр өнөө маргаашгүй болох гэж буй энэ өдрүүдэд найз залуу, бүсгүй “түрээслэх” гэсэн ганц бие залуус олон байгаа гэнэ. Гэр бүлээрээ цугладаг энэ баярт ганц бие залуус аав ээж, ах дүүсийнхээ “хүнтэй гэрлэ” гэсэн дарамт шахалтад байнга ордог, үгүй бол “яагаад хүнтэй суухгүй байна” гэсэн асуултад ороогддог учир баяраар найз залуу, бүсгүйтэй хүн шиг жүжиглэх хэрэг бишгүй гардаг ажээ. Яг энэ эрэлт хэрэгцээнд нийцсэн зар Хятадын Таобао хэмээх онлайн худалдааны сайтад Цагаан сарын өмнө олноороо гарч иржээ.
Тэнд зар тавьсан хүмүүс нэг өдрийн 50 ам.доллараар найз бүсгүй юм уу, найз залуугийн дүрд тоглох санал тавьснаас эхлээд зөвхөн өдрийн хоолонд орох бол таван доллар, үнсэх бол найман доллар, хэрвээ гэрт нь хонох хэрэг гарвал тус тусдаа унтах хөлс нь 80 ам.доллар, нэг оронд унтах нь 95 ам.доллар гээд янз бүрийн үйлчилгээ санал болгожээ. Хэдийгээр найз залуу, бүсгүй түрээслэх нь арга ядсан зүйл боловч ядаж ингээд ч болтугай заяаныхаа ханьтай учирч магадгүй гэсэн залуус ч цөөнгүй байгаа гэнэ. Жишээлбэл, Тианжинд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдагч хийдэг Ли Ле хэмээх залуу энэ цагаан сараар гэртээ харихын оронд өөрийгөө түрээслүүлэхээр шийджээ.
Тэрээр өөрөө ч ганц бие бөгөөд магадгүй хөлсөлж авсан бүсгүй нь түүний хайж явсан эмэгтэй байж аз таарах ч юм билүү хэмээн найдлага тавьж байгаа гэнэ. Одоогоор түүнд захиалга өгөхийг хүссэн 30 гаруй бүсгүй холбогдсон аж. Үүнээс харвал цагаан сараар гэр бүлийнхэндээ ганц бие харагдахгүй гэсэн хүсэлтэй залуус Хятадад тун ч олон байгаа бололтой.
А.БИЛЭГ