Бидний амьдрал сонголтоор дүүрэн. Тэр дундаа чухал сонголт хийх нь бидний цаашдын амьдралд маш ихээр нөлөөлдөг…
|
Бидний амьдрал сонголтоор дүүрэн. Тэр дундаа чухал сонголт хийх нь бидний цаашдын амьдралд маш ихээр нөлөөлдөг. Үүний нэг жишээ бол карьер болон хайр сэтгэлийн амьдрал хоёроо зөв зохицуулах юм. Гэхдээ энэ хоёр зүйлийг бид үнэхээр зохицуулж чаддаг билүү??? Үнэндээ хэцүү. Эхний ээлжинд чи аль нэгийг нь заавал “золиослох” хэрэг гарна. Зохицуулах гэдэг үг гоё сонсогдож байгаа хэдий ч яг үнэндээ хавцал дээгүүр утас татаад дээгүүр нь алхахтай адил – дээрээс нь нүдээ боогоод шүү дээ. Тиймээс заавал сонголт хийж аль нэгийг нь золиослох ёстой мэт…
Карьер |
Карьерыг яагаад дээгүүрт тавих ёстой гэж үү? Яагаад гэвэл чи үүний төлөө маш олон цаг, хичээл зүтгэл, тэвчээр, мөнгө зарцуулсан. Энэ бүхний эцэст яг үр шимийг нь хүртэх гээд явж байтал гэр бүл төлөвлөх, хүүхэд гаргах гээд бусад асуудлууд гарч ирнэ. Мэдээж карьерыг сонговол илүү баталгаатай байж бусдаас хамаарахыг хүсдэггүй хүмүүсийн хувьд зөв сонголт байж болох юм.
Ийм үед нэгэнт ажлынхаа гарааг амжилттай эхлүүлсэн бол тэр чигээрээ явах нь зүйтэй байдаг: хайр сэтгэлтэй учрах, гэр бүл зохиох нь хамгийн том саад болох зүйл – сайн харилцаа бий болгохын тулд заавал цаг зарцуулж, өөрийгөө зориулах ёстой болохоор карьертай бүрэн төвлөрч чадахгүйд хүрдэг. Хайр сэтгэл байхад бүгдийг давна гэдэг үгээр өөрийгөө хуурах хэрэггүй байх. Тиймээс карьераа илүүд үзэх нь зөв юм.
Хайр сэтгэл |
Хайр сэтгэлийн амьдралаа бүрэн орхигдуулбал тэгээд ажлын “мал”, дээрээс нь ямар ч баяр баясгалангүй, уйтгартай, ганцаардсан нэгэн л болж хувирах биз. Үнэхээр хайртай хүнтэйгээ учирч чадвал чамайг доош татахаасаа илүү, харин ч их ажилтай, тусламж хэрэгтэй үед чамайг дэмжинэ. Сайхан ажилтай гэхдээ ганцаараа байснаас, сайн ханьтай, хажууд туслах, дэмжих хүнтэй байвал амьдралынхаа бүх зүйлд эрч хүчтэй байж чадна.
Карьер хэдий чухал ч залуу насандаа харилцааныхаа асуудлыг эвтэйхэн, зөв шийдчихвэл зүгээр. Мөн залуу байхад сонголт олон байдаг гэж хэлж болно. Карьераа хөөгөөд явж байтал нэг мэдэхэд 30 хүрчихвэл хэцүү, тэр үед ямар ч хүнтэй таараа билээ. Ойролцоо насныхан бүгд л амьдрал үзсэн, хашир суусан хүмүүс байх болов уу.
Тэгэхээр чиний хувьд аль нь вэ? Карьер уу Хайр сэтгэл үү?
www.alpha.mn