Гүндүүгүй, ноён нуруутай, хэнэггүй гэдэг эрчүүдийг тодорхойлдог үгс юу ч болж байсан тэд тоохгүй гэсэн үг биш юм. Эр хүн ч бас чамаар тэврүүлэхийг, хааяа хааяахан хардуулахыг, хэлье гэсэн зүйлээ хэлэхийг хүсдэг. Эрчүүд чамд хэлэхийг хүсдэг нууцаа задалж байна.
Тэд ч бас тэврүүлэх дуртай
Тэврэлт гэдэг бол тухайн нөхцөл байдлаас хамаарч хэн нэгэнд мэдрүүлдэг сэтгэлийн илэрхийлэл. Чи оройн хоолныхоо дараа хайртдаа тэврүүлээд зурагтынхаа өмнө суух дуртай л биз дээ? Эрчүүд ч бас ялгаагүй чамаас энэ мэдрэмжийг авахыг хүсдэг. Хэн нэгнийг тэврэхэд ямар нэг шалтгаан хэрэггүй. Тэд өглөө нойрноосоо сэрэхдээ чиний амьсгалыг мэдэрч, чамд тэврүүлэн сэрэхийг хүсдэг.
Үнэндээ чи өөрийгөө орондоо сайн гэж боддог
Заримдаа чи өөрийгөө тийм ч халуухан бүсгүй биш байх гэж бодож байсан удаатай юу? Тэр бүрт хайрт чинь чамайг үгүй дээ, чи минь үнэхээр сайн байсан, гэдэг үгээр тайвшруулдаг уу? Тийм ээ. Яг үнэндээ бол чи орондоо тийм ч сайн биш байсан. Хайрт чинь чамайг сэтгэлээр унагаахгүй гэсэндээ л тэдгээр үгсийг хэлж байгаа хэрэг. Гэхдээ тэр дотроо чамайг улам илүү сайжраасай л гэж бодож байгаа. Гэвч тэр чамд энэ тухай хэлж зүрхлэхгүй л дээ.
Хэтрүүлэх хэрэггүй
Зарим бүсгүйчүүд танилцаад удаагүй байгаа залуутайгаа согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол байдаг. Тэд нүүрэн дээрээ “хамаагүй ш дээ”, “зүгээр ш дээ” гэж хэлж байгаа ч яг үнэндээ бол дотроо “биш ээ” гэж хэлж суудаг. Тухайн үед согтууруулах ундаа та хоёрын болзоог илүү дотно, хөгжилтэй болгож байгаа мэт боловч, өнөөх залуу чинь дотроо өөр юм бодож суугаа гэхэд мөрийцсөн ч болно. Гэхдээ ганц хундага дарсыг энд тооцохгүй байж болно.
“Шавар арслан”
Тэд байгалийн гоо үзэсгэлэнг илүү таашаадаг. Мэдээж бүсгүй хүний гоо үзэсгэлэнг оо энгэсэг илүү их тодруулдаг. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Хэт зузаан энгэсэг, хэт олон солонгорсон өнгө энэ бүхэн тэдэнд таалагддаггүй. Эрчүүд чиний булбарай арьсыг үнсэхийг хүсдэг болохоос биш, будаг шунх үнэрлэхийг хүсдэггүй. Тэд чамайг арай бага будаасай гэж хүсэж байгаа ч түүнийгээ хэлж зүрхэлдэггүй.
Нууцхан дарамт
Тэд өөрсдийгөө гэрлэлтийн дарамтанд оруулдаг. Ихэнх эмэгтэйчүүд гэр бүлээ авч явах чадвартай эрчүүдийг ирээдүйн ханиараа сонгох нь зүй ёсны хэрэг. Харин эрчүүд үүний эсрэг бодолтой байдаг. Өнөөдөр би хоосон байсан ч гэсэн намайг хайрлаж чадах чин сэтгэлтэй хүн гарч ирвэл түүнийхээ төлөө би бүхнээ зориулахад бэлэн гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ түүний энэ бодлыг баргийн эмэгтэй хүн дэмжихгүй л болов уу. Бүсгүйчүүдийн энэ хандлага тэднийг дарамтанд оруулдаг. Энэ тухайгаа хайртай бүсгүйдээ хэлэхийг хүсдэг боловч тэдний зориг даанч хүрдэггүй.
Хайрт ор минь!!!
Хэдий амралтын өдөр байсан ч гэсэн үд дунд болтол өвчтэй хүнтэй шиг орондоо хэвтэх нь тэдэнд таалагдахгүй л болов уу. Орондоо идэх юм зөөж, өдөржин зурагтын удирдлаганаасаа салахгүй хэвтэх нь тэдэнд яавч таалагдахгүй. Магадгүй чи багаасаа л амралтын өдрөө ингэж өнгөрөөдөг зуршилтай байсан бол үүнийгээ болих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Тэр чамайг тэврээд хамт хэвтэж байгаа ч дотроо бол хурдан босч сайхан хоол хийгээсэй гэж бодож байгааг мөрийцөхөд ч бэлэн байна.
Хадуурах хэрэггүй.
Чи эрчүүдийн авдаг мэдрэмжийг спортоос авч чадахгүй. Тиймээ, зарим бүсгүйчүүд спортод үнэхээр дуртай байдаг. Гэхдээ тэд эрчүүд шиг спортод дурлана гэдэг юу л бол? Эрчүүд бүтэн өдөржин хөлбөмбөгийн тухай ярьж суухад ч бэлэн улс. Өрсөлдөөнд дуртай байдал нь эрчүүдийн төрөлх чанар юм. Тиймдээ ч тэд эмэгтэйчүүдээс илүү спортод сонирхолтой байдаг. Хэдий чи спортын тухай сайн мэдлэгтэй байсан ч гэсэн тэдний ярианд оролцох нь тийм ч сайн хэрэг биш. Тиймээс эрчүүдийн дундуур орж яриаг нь таслах хэрэггүй. Энэ нь тэдэнд яг л азарганы ноцолдоон дундуур орж ирэх, хадуурсан гүү шиг сэтгэгдэл төрүүлэх болно. Ер нь спортын тухай яриа ч гэлтгүй, тэдний хоорондын ярианд хэт оролцох хэрэггүй.
Ухаалаг зарцуулалт
Бүсгүйчүүд дэлгүүр хэсэхээрээ ихэнхдээ сэтгэлийн хөөрлөөр сонголт хийдэг. Найз нөхөд, дэлгүүрийн худалдагч, бараа тайлбарлагч зэрэг хүмүүс энэ сонголтонд их нөлөөлдөг. Заримдаа бид өөрт нэг их шаардлагатай зүйл биш байсан ч хэн нэгэн хүн “чамд ёстой сайхан зохиж байна” гэж хэлэхийг дуулаад шууд л түрийвчээ уудалж эхлэдэг. Харин дараа нь нэг их хэрэгцээгүй зүйлд мөнгө зарсан байдаг. Эмэгтэй хүн энэ талаар ойлгож болох боловч харин эрчүүд үүнийг бараг л өвчин гэж ойлгодог. Чи хайрттайгаа хамт амьдардаг бол энэ нь бүр ч их асуудал. Тэд чамайг өөртөө юм худалдаж авахаа боль гэж хэлж чадахгүй ч дотроо энэ тухай байнга бодож явдаг.