Каннын кино наадам өчигдөр тун дуулиантайгаар өндөрлөлөө. Тус наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод”-ыг тунис гаралтай найруулагч Абделатиф Кешишийн “Аделийн амьдрал” кино хүртсэн нь гол дуулиан болсон юм. Тус кинонд ижил хүйстнүүдийн хайр дурлалын тухай өгүүлдэг ажээ.
Кешишт шилдэг найруулагчийн шагналыг холливудын нэрт жүжигчин Ума Турман гардуулсан байна.
“Би бүтээлээ залууст, тэдний эрх чөлөө, хайр сэтгэл, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд зориулсан” хэмээн Кешиш шагнал авсныхаа дараагаар өгүүлжээ. Харин дуулиан дэгдсний гол учир нь хэдхэн хоногийн өмнө Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хуулийг баталсанд оршиж байна. Канн бол Францын хот. Тиймээс Кешишийн энэхүү бүтээлийг улс төрийн захиалгаар тодруулчихвуу гэсэн хардлага бий ажээ.
Харин Кешиш энэ талаараа “Би хайр сэтгэлийн нандин сайхан харилцааг л гаргах гэсэн юм” хэмээн өгүүлсэн байна.
Хоёр бүсгүйн хайр сэтгэлийн талаар илэн далангүй өгүүлсэн тус кино үзэгч олны гайхшрал, балмагдлыг эхэндээ хүргэсэн аж. Гэлээ ч Стивен Спилбергээр ахлуулсан 66 дахь удаагийн Каннын кино наадмын шүүгчид “Аделийн амьдрал”-ыг бусад бүтээлээс хувь илүү гэж үзжээ.
“Аделийн амьдрал” киноны хэсгээс
Кино наадмын дэд шагналыг Америкийн ах дүү найруулагч Итан, Жоэл Коэний бүтээл “Льюин Дэвис дотор”-т олголоо. Хөнгөн чанарын энэ кино тус наадамд түрүүлэх магадлал ихтэй гэж үзэгчид үзэж байсан юм.
Харин шүүгчдийн нэрэмжит шагналыг Японы кино найруулагч Хироказа Корээдагийн “Эцэг нь ямар байна, хүү нь яг тийм” бүтээл хүртлээ. Тус кинонд эцэг үр хоёрын харилцааны талаар өгүүлдэг ажээ.
Шилдэг найруулагчийн шагналыг Мексикийн найруулагч Амата Эскалантегийн “Эли” хүртэв. Энэ бүтээлийг кино шүүмжлэгчид шагнал хүртэх ёсгүй, хамгийн муу бүтээлүүдийн нэг гэж үзэж байсан юм.
Каннын кино наадмын эрэгтэй гол дүрийн шилдэг жүжигчнээр Америкийн ахмад жүжигчин Брюс Дерн “Небраска” кинонд бүтээсэн дүрээрээ шалгарлаа. Харин шилдэг эмэгтэй гол дүрий шагналыг “Өнгөрсөн үе” кинонд бүтээсээр дүрээрээ франц жүжигчин Беренис Бежо гардлаа.
Каннын энэ удаагийн кино наадам олон шилдэг бүтээлүүдийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, тун сонирхолтой болж өнгөрсөн юм.