АНУ-ын Оклахома муж улсын Норманы хотын ойролцоо Рене Трутаг аймшигт хуй салхи 240 метр өндөрт “шидэж”, 12 минутын дараа гэрээс нь 18 км-ын зайд хаяжээ. Үүний улмаас 39 настай тэрээр нэг чихээ гээж, гараа хугалан, толгойн бүх үс нь унаж, жижиг жижиг маш олон шарх, сорвитой үлдсэн байна.
Рене энэ тухай ярихдаа, “Би нөхөртэйгээ хамт гэртээ байж байтал гэнэт гадаа бөөн шуугиан болоход хэрэгт дурлан гүйж гарсан. Ойртож буй хуй салхины зургийг хэдэн удаа дараад, эргээд гэр рүүгээ гүйтэл гэнэт агаарт хөөрсөн. Ямар нэг зүйл намайг яг л хуурай навч мэт хөнгөхөн гэгч нь өргөчихсөн. Эргэн тойронд хүмүүс шуугилдаад, харин би агаарт хөөрөөд. Хог, хаягдал, мод биеийг минь цохиж, өвтгөж байлаа. Би тухайн үед юү ч ойлгоогүй, айж ч амжаагүй. Гагцхүү үхнэ гэдгээ л мэдэж байлаа. Гэнэт зүүн чих өвдөөд явчихсан. Би дээш хөөрсөөр, хөөрсөөр, нэг талаас нөгөө тийш шидэгдээд л. Тэгээд ухаан алдсан. Нэг сэрэхэд гүвээн дээр хэвтэж байлаа. Дээрээс харахад хуй салхины мөр сүртэй харагдаж билээ. 60 м өргөн зам татуулж, маш олон км үргэлжилсэн байсан. Аврагчид хагас цагийн дараа намайг олж, шууд л эмнэлэгт хүргэсэн” гэжээ.
Харин нөхөр нь айснаас өөр ямар ч хохиролгүй үлдсэн аж. Хуй салхи авгайг нь авч явах үед модны үндсээс зуурч газарт хэвтэн, салхи намдтал босоогүй гэнэ. Энэ хүчтэй салхинаас эхнэр нь амьд гарна гэдэгт итгээгүй ажээ.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН