Төв Африкийн бүгд найрамдах улсын парламентаас Бангуй хотын захирагч асан Кэтрин Самба-Панзаг Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Өдгөө 59 настай Кэтрин нь парламентын нууц санал хураалтаар хүчтэй өрсөлдөгч Дезайр Колингбагаас 20 –р илүү санал авснаар Төв Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Төв Африкийн парламентын 135 гишүүний 129-ыг оролцуулсан нууц санал хураалт өчигдөр /I.20/ нийслэл Бангуй хотноо болсон аж. Шинэ Ерөнхийлөгч Кэтрин Самба-Панзагийн хувьд Төв Африк үймээн дэгдээгээд буй христийн болон исламын зэвсэгт дайчдын хоорондох цуст тэмцэл, зөрчил мөргөлдөөнийг зогсоох хүндхэн асуудал тулгарч буй юм. Өмнөх Ерөнхийлөгч Мишель Джотодиа нь өнгөрсөн 10-ны өдөр суудлаасаа буужээ.
Үүнтэй зэрэгцэн Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын хуралдаанаар даваа гаригт өөрсдийн 500 цэргээ Төв Африкт илгээхээр шийдвэрлэжээ. Төв Африкт өнгөрсөн гуравдугаар сараас хойш шашин хоорондын мөргөлдөөн газар авснаас хүн амын 20 хувь буюу бараг сая шахам хүн орон гэрээсээ дайжаад буй аж. ВВС-д мэдээлснээр зөвхөн өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд Төв Африкийн зөрчил мөргөлдөөний хөлд 1000 орчим хүн амь үрэгдсэн байна. Одоогийн байдлаар Төв Африкт Францын 1600, Африкийн холбооны 4000 цэрэг шашны дайчдын хоорондох зөрчил мөргөлдөөнийг зогсоохоор үүрэг гүйцэтгэж байна.