БРЮССЕЛЬ. /Associated Press/. Умард Атлантын эвсэл буюу НАТО урт хугацааныхаа түүхэнд анх удаа батлан хамгаалахын таван эмэгтэй сайдтай болсон нь тус эвслийн төв байранд болсон бодлого боловсруулалтын хурлаас ажиглагдав.
Итали улс өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Батлан хамгаалахын сайдаар Роберта Пинотти гэгч эмэгтэйг томилсноор НАТО таван эмэгтэй сайдтай болсон аж. Роберта Пинотти нь Италийн дөнгөж халаагаа өгөөд буй Энрико Леттагийн засгийн газрын Батлан хамгаалахын орлогч сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2001 онд парламентад анх хөл тавьж өдгөө сенатч болсон. 52 настай тэрбээр одоогоос 20 жилийн өмнө Италийн Коммунист намд хамгийн доод түвшний албан хаагчаар орж, улс төрийн гараагаа эхэлсэн байна.
Италиас гадна НАТО-гийн гишүүн Албани, Герман, Норвеги, Нидерланд улсын батлан хамгаалахын сайдаар эмэгтэй хүн ажиллаж байгаа ажээ. 28 гишүүнтэй тус эвсэл 1949 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа, нэг дор батлан хамгаалахын ийм олон эмэгтэй сайдтай байгаа тухай НАТО-гийн албаны хүн мэдэгдлээ.
Л.Урангуа