“Арабын хавар”-ын нөлөөгөөр Сирид дэгдсэн иргэний дайн гурав дахь жилдээ үргэлжилж байна. Сирийн иргэний дайн нь анх ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэл байсан бол одоо шашин хоорондын шинжтэй болжээ. Хэдийгээр засгийн газрын арми газар Сирийн газар нутгийн ихэнх хэсгийг хянаж чадсан боловч АНУ, Саудын Араб, Катар, Турк улсаар дэмжүүлсэн босогчид сүүлийн үед идвэхтэй давшиж зарим хот, сууринг эзэлж авчээ. Сирид дайн сунжрах хэрээр улам харгис хэрцгий болж, хүний эрх аймшигтайгаар зөрчигдөж байна. Энэ үед Сирийн иргэний дайнд эмэгтэйчүүд оролцох болов.
Ерөнхийлөгч Башар Асад ар талын харуул хамгаалалтын цэргийн хүчийг тулааны талбарт илгээхийн тулд харуул хамгаалалт хариуцах эмэгтэйчүүдийн отряд байгуулжээ. “Үндэсний батлан хамгаалахын эрслэнгүүд” хэмээн нэрлэгдсэн эмэгтэй цэргүүдийг хүн амын ихэнх нь Асадыг дэмждэг Хомс хот руу аль хэдийн илгээсэн ба тэд тус хотын харуулын цэгүүдэд шалгалт хийж байна.
Энд онцлон дурдах нь, Сирийн засгийн газрын Үндэсний батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн болсон эмэгтэйчүүд нь сайн дурын цэргүүд юм. Эмэгтэйчүүд армид сайн дураараа нэгдсэн шалтгаан нь дээр өгүүлсэн иргэний дайны харгислал, хэрций үйлдүүд ажээ. Сирийн иргэний дайн улам бүр шашны утга агуулгатай болох тусам лалын Сунни шашинт босогчид, аль-Кайда бүлгийн дайчид Шиа шашинт иргэд болон Христийн шашинтнуудыг харгислан хүчирхийлж, аллага ихээр үйлдэх болсон. Ингээд эмэгтэйчүүд, ялангуяа Шиа урсгалын ба Христийн шашинт эмэгтэйчүүд гэр бүлээ төдийгүй өөрсдийгөө хамгаалахын тулд Ерөнхийлөгч Башар Асадын армид олноор элсэх болсон байна.
Энэ дайнд зөвхөн босогчид харгислал үйлдсэнгүй. Башар Асадын цэргүүд ч эсрэг талын хүчний дэмжигчдэд харгис ханддагаас үүдэн сири эмэгтэйчүүд босогчдын талд орох болжээ. Гэхдээ тэдний тоо харьцангуй цөөн юм. Босогчдын талд тулалдаж буй Нора Хусари гэдэг эмэгтэйн ярьснаар, тэр дайны өмнө гоо сайхны салонд ажилладаг байв. Одоо тэр АК-47 автомат мөрөвчилж, сүйрсэн хотын балгасан дунд үхлийн тоглоом тоглож байна. Мэргэн буудагч болсон тэрээр Башар Асадын цэргүүдийн үйлдсэн харгислалаас болж босогчдын талд орсон ба наад зах нь засгийн газрын найман цэргийг хөнөөсөн гэж хэллээ. Одоогоор Сирийн тулалдагч хоёр талын хүчинд 5000 орчим эмэгтэй элссэн гэсэн мэдээ бий.
А.Аагий
Сирийн засгийн газрын хүчний эмэгтэй цэргүүд
Сирийн эмэгтэй босогчид