Хэтэрхий туранхай бүсгүйчүүдийг зар сурталчилгаанд оролцуулахыг хориглосон хуулийг Израйлийн парламент Кнессетын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Сүүлийн үед эмэгтэй хүний гоо сайхны тухай ойлголтыг ихээхэн гуйвуулж байгаатайг тэмцэх зорилгоор энэхүү шинэ хууль баталсан аж.
Өнөөгийн загвар өмсөгчид хэтэрхий туранхай байгаа нь хуулийн төслийг санаачлан өргөн баригсдын үзэж байгаагаар өсвөр үеийнхэнд муу үр нөлөө үзүүлэх аюултай гэнэ. Жил бүр нэг мянга 500 гаруй хүүхэд, залуус хоол хүнсний дутагдлаас үүдэлтэй тураал гэсэн онош тавиулж байгаа юм. Эдгээр хүүхдүүдийн 200 гаруй нь амиа алдахад хүрдэг аж. Ийм айхтар статистик үзүүлэлт байгаа учраас гишүүд энэ хуулийг яаравчлан баталжээ.
“Нэг талаас бид хэд хэдэн эцэнхий загвар өмсөгчдөөс ангижрах ч нөгөө талаараа бид цөөнгүй хүүхдийг үхлээс аврах юм” гэж хуулийг санаачлагчид өгүүлсэн байна. Ийнхүү загвар өмсөгчид сурталчилгаанд оролцохоосоо өмнө хэвийн жинтэй, эрүүл мэндийн байдал зүгээр гэсэн эмчийн дүгнэлтийг авчрах хэрэгтэй боллоо.
Өөрөөр хэлбэл, 175 см өндөр загвар өмсөгчид дор хаяж 57 килограмм жинтэй байх ёстой юм. Шинэ хууль мөн зар сурталчилгаа бүтээгсдэд хамааралтай аж. Сонирхуулахад, ийм хуулийг өмнө нь Испани, Итали, Бразил улсууд баталсан билээ.
Б.Дэжид